Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2023 оны аравдугаар сарын 23, 24-нд Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулахаар болжээ. Ерөнхий хяналтын сонсголын сэдэв нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай аж.
Ерөнхий хяналтын сонсголын бүртгэлийг 2023 оны аравдугаар сарын 9-11-ний өдрийн 17.30 цагт хийх аж. Сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шуудангаар захидал илгээн бүртгүүлнэ. Оролцогч санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2023 оны аравдугаар сарын 20-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болох аж.
Тодорхой асуудлаар санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон ажиглагч нь сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2023 оны аравдугаар сарын 20-ны өдрийн дотор Эдийн засгийн байнгын хороонд бүртгүүлж, санал, тайлбар, мэдээллээ бичгээр ирүүлэх боломжтой ажээ.