Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, холбогдох албан тушаалтнууд УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Засгийн газраас агаарын тээврийн либералчлалын хүрээнд орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулахаар ажиллаж байна. Тухайлбал, Өндөрхаан нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгох төслийг Кувейтийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа юм. Мөн аялал жуулчлалын гол бүс нутагт байгаа “Мөрөн”, “Гурвансайхан”, “Ховд”, “Чойбалсан” нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын нисэх буудлын статустай болгохоор ажиллаж байна.
Ирэх оны зургаадугаар сар гэхэд МИАТ компани агаарын хөлгийн тоогоо 10 болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Орон нутгийн 8 чиглэлд нислэг сэргээж, онгоцны тийзийг 2-оос 2.5 дахин хямдрууллаа. “МИАТ” ТӨХК-ийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс орон нутгийн 9 чиглэлд зохих нөхөн олговортойгоор нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, Өлгий, Ховд, Улиастай, Улаангом, Алтай, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад чиглэлд амжилттай нислэг үйлдэж байна. Есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар орон нутгийн нислэгээр 310 мянган зорчигч тээвэрлэжээ.