Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Засгийн газар хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбох асуудалд онцгойлон анхаарч, тээвэр логистикийн өрсөлдөх чадвар 30 байраар урагшилжээ. Тодруулбал, Монгол Улс 2023 онд Дэлхийн банкнаас гаргасан Логистикийн индексээр 30 байраар урагшилж 97 дугаар байрт оржээ. Агаарын тээврээр 2023 оны эхний 9 сарын байдлаар нийт 1.3 сая зорчигч тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олон улсын зорчигч 137 хувиар, орон нутгийн зорчигч 27 хувиар тус тус нэмэгдлээ.
Гашуунсухайт боомтод жилд 10 сая тн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ашиглалтад орлоо. Мөн тус боомтод жолоочгүй автомат удирдлага бүхий AGV тээврийг нэвтрүүлж, өдөрт 80 гаруй чингэлэг ачааг экспортод гаргаж байна. Цар тахлын үетэй харьцуулахад тээврийн зардал 8-20 дахин хямдарсан.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн 42 улстай Агаарын харилцааны хэлэлцээртэй болж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлээд байна. 2023 онд гэхэд Катар, Грек улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа.
Мөн Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр OPEN SKY хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр хорин жил яригдсан Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох асуудал бүрэн шийдэгдлээ. Ийнхүү шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ одоо буйгаас 2 дахин хямдарч, 1000-1500 доллар болж, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болж богиносох юм. Эхний ээлжид ирэх оны эхний хагаст багтан эхлээд АНУ-ын Сан Франциско хот руу, цаашдаа боломжит бүх хот руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Ойрын үед Кувейт, Унгар, Их Британи, Испани, Латви улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.