УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 5 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Нэр дэвшигчийн сонсголтой холбогдуулан гаргасан уг дүгнэлт судлаачид, иргэний нийгмийн байгууллага, олны анхаарлын төвд байгаа. Учир нь нээлттэй, ил тод байдлыг дэмжих зорилгоор төрийн өндөр албан тушаалтнуудыг томилохын өмнө иргэдийн мэдэх эрхийг хангах, олон нийтэд танилцуулах зорилгоор нэр дэвшигчийн сонсгол хийхээр хуульчилсан зарим зохицуулалтыг Цэц түдгэлзүүлээд байна.
Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ нээлттэй сонсгол хийж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм.
УИХ-ын гишүүдийн олонх Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзвэл Цэц уг асуудлыг дахин хэлэлцэх хуультай.