Улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа, төлөвлөсөн хугацаа нь дууссан ч ажил нь удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга, байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын талаар Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Улмаар 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагчид үүрэг болгосон байна. Хуульд заасан хугацаандаа ажлаа хэрэгжүүлээгүй газруудын гэрээний гүйцэтгэлийг энэ сарын 30-ны дотор дүгнээд, цуцлахыг даалгажээ.
Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу техник, эдийн засгийн үндэслэл хийсэн, зураг төслөө батлуулсан, бусад зөвшөөрөл олгосон төсөл, арга хэмжээг улсын төсөвт оруулах аж. Мөн алдаатай зураг, төсөв боловсруулсан зохиогч, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хуулиар тогтоосон хугацаанд ажлаа дуусгаагүй бол тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож, хар жагсаалтад оруулах гэнэ.