Монгол Улсаас Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-ын дэргэд суух байнгын төлөөлөгч, Элчин сайд Э.Сарантогос энэ сарын 25-ны өдөр тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Х.К.Салазарт итгэмжлэх захидлаа гардуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үеэр хэлсэн үгэндээ ОУИНБ-ын ассамблейн 41 дэх удаагийн чуулганаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын агаарын тээврийн салбарыг дэмжих тухай ажлын баримт бичгийг баталсныг онцлон тэмдэглэснийг уулзалтын үеэр байнгын төлөөлөгч Э.Сарантогос дурдаад, цаашид далайд гарцгүй улс орнууд энэ чиглэлд ОУИНБ-тай нягт хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байгааг илэрхийлжээ. Түүнчлэн ОУИНБ-ын өндөр түвшний төлөөлөгчдийг ирэх онд монгол улсад хүлээн авахад бэлэн байгаагаа тэмдэглэв.
Монгол улс 1989 онд ОУИНБ-ын гишүүнээр элссэнээс хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож иржээ. Энэ онд манай улс тус байгууллагын нийтийн түлхүүрийн санд нэгдэж, олон улсын иргэний нисэхийн тухай конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколуудыг соёрхон баталсан байна.