Монгол Улсаас Бүгд Найрамдах Албани Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг есдүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Албани Улсын Ерөнхийлөгч Баярам Бегаяд Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Албани Улсын Ерөнхийлөгч Б.Бегаяд уламжилж, хоёр орны хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт, тэр дундаа аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллах, Албани Улсаас кибер аюулгүй байдлын чиглэлээр туршлага суралцах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлэв.
Албани Улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон 3 дахь улс бөгөөд 1949 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хадгалж ирсэн, сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа олон талт хамтын ажиллагааны хүрээнд идэвхжиж байгааг онцлон тэмдэглэв.