Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллаж, “Чойбалсан” олон улсын нисэх буудлын өргөтгөл, тус аймагт хийж буй бүтээн байгуулалтын явц, аймгийн төвийн дулаан, ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэхэд шаардлагатай төсөв хөрөнгө, тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа. Дорнод аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд барилгын өргөтгөл, хатуу хучилттай зурвас, агаарын хөлөг зогсох перрон талбай зэргийг барих аж. Ингэснээр “Боинг 737-800”, “Embrear 145” загварын агаарын хөлөг хүлээн авах, хоёр талын оролт, гаралттай, хөөрч, буух зурвастай, цагт 300 зорчигч нэвтрүүлэх боломж бүрдэх юм байна.
Тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа хатуу хучилттай авто замаар холбох ажлын явцын талаар танилцууллаа. Хэрлэн сум, Хашаатын цавын уурхайгаас Хавирга, “Тамсаг 21” талбайгаас Баянхошуу, Баян-Уул-Ульхан боомт, Өндөрхаан-Чойбалсан-Баян-Уул чиглэлд хатуу хучилттай авто зам барих төсөл хэрэгжүүлж буй. Мөн Сүмбэр боомтын чиглэлд 152, Чойбалсан-Баянхошуу чиглэлд 198 км авто зам барих юм. Ульхан боомтыг чиглэсэн замын ажлыгирэх онд дуусгах гэнэ.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулганд оролцож, үг хэллээ. Тэрбээр Засгийн газрын бодлого, хөтөлбөртэй уялдуулан бүс нутгийн хөгжлөө хэлэлцэж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр чуулган зохион байгуулж буй Дорнод болон зүүн аймгуудын удирдлагад талархал илэрхийлсэн юм. Улсын хэмжээнд бие дааж төсвөө бүрдүүлдэг зургаан аймгийн нэг нь Дорнод. Тус аймгийн ДНБ 1.2 их наяд төгрөг, эдийн засгийн өсөлт 14 хувьтай байгааг тэрбээр онцлов. Ерөнхий сайд “Засгийн газраас “Шинэ сэргэлтийн таван цагариг” төсөл эхлүүлсэн. Цаашид аймгууд тус бүртээ хөгжил ярихаас илүү бүс нутгаараа бодлогоо тодорхойлох нь чухал. Зүүн бүсэд боомтын хоёр том төсөл хэрэгжүүлж буй. Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалын, Сүхбаатарт Бичигтийн боомтын төслийг эхлүүлсэн. Цаашлаад Бичигт-Эрээнцав, Чойбалсан-Хөөт чиглэлд төмөр зам тавьснаар Дорнод, Сүхбаатар аймагт эдийн засгийн интеграц үүснэ. Ульхан, Хавиргын боомтын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Зүүн бүс нутагт мах экпортлох, ашигт малтмалын орд газруудаа эргэлтэд оруулах зэрэг олон боломж бүрдэнэ” гэв. Чуулганаас гарсан санал дүгнэлтийг Засаг дарга М.Бадамсүрэн Ерөнхий сайдад гардуулан өгсөн юм. Тус чуулганд Канад, ОХУ, БНХАУ болон дотоодын 200 гаруй төлөөлөгч оролцов.
Бэлтгэсэн: У.Наран