Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын удирдлагад өргөн мэдүүллээ. Ирэх оны мөнгөний бодлого нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж, тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэх аж. Монгол Улс цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй олон бэрхшээлийг даван туулж буй. Иймд Төвбанкнаас эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогыг тууштай үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд инфляцыг дунд хугацаанд нэг оронтой тоонд оруулж, зургаа буюу +/-2 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Мөн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт ажиллуулах, шаардлагатай хууль, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхээр төслөө боловсруулжээ. Тус салбарын дэд бүтцийг хөгжүүлэх нь энэ удаагийн мөнгөний бодлогын гол чиглэл болсон байна. Тухайлбал, “ногоон зээл”-ийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, хил дамнасан худалдааны цахим төлбөр, тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжихэд чиглэсэн бодлого баримтлахаар тусгасныг Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын даргад танилцуулав. Түүнчлэн инфляцын зорилтыг хангахад чухал нөлөөтэй эдийн засгийн болон институцийн суурь хүчин зүйлс гэгддэг Төвбанкны хараат бус байдал, төсвийн сахилга батыг бэхжүүлэх, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзэл, урсгал дансны алдагдлыг бууруулах чиглэлээр төрийн байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлж, хамтран ажиллахаар тусгажээ.
Бэлтгэсэн: Б.Уран