Нийслэлийн хэмжээнд шахмал түлшийг энэ сарын 15-наас гэр хорооллын өрхүүдэд борлуулж эхэлсэн. Борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг “Тавантолгой түлш” ХХК-иас хариуцаж, түлшээ нийлүүлдэг аж. Тус компанийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Даваабаатараас шахмал түлшний нийлүүлэлт, хангамж ямар байгааг тодруулахад “Одоогоор долоон дүүрэгт борлуулалтын 492 цэг ажиллаж байна. Нийлүүлэлт хэвийн, тасалдсан тохиолдол байхгүй. Энэ өвөл Улаанбаатарт түлш тээвэрлэх эрх авсан 31 компани бий. Тэд 400 гаруй тээврийн хэрэгслээр түлш тээвэрлэж, цэгүүдэд түгээнэ. Түлшний үнийг нэмээгүй. Нэг тонныг 150 000, 25 кг-ын шуудайтайг нь 3750 төгрөгөөр борлуулж байгаа” гэв.
Тэгвэл туршилтаар ашиглах шинэ түлшийг Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ жил Налайх дүүрэг, Яармаг орчим, Дархан-Уул аймаг гэсэн гурван газрыг сонгож, арванхоёрдугаар сарын 15-наас буюу ид хүйтний үеэр хэрэглээнд нэвтрүүлэх аж. Харин бусад газарт энэ жил сайжруулсан шахмал түлшээ хэрэглэхээр болжээ. Энэ талаар Г.Даваабаатар“Чанар, технологийн хувьд ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Шахмал түлшний стандартыг нэлээд чангатгасан. Тухайлбал, үнсний хэмжээг хоёр функтээр бууруулсан. Үнс маш бага гарна. Мөн хүхэрлэг хийн агууламжийг хоёр функтээр багасгалаа. Ингэснээр агаарт ялгарч буйхүхрийн хэмжээ багасна гэсэн үг” хэмээлээ.
Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд шахмал түлшний борлуулалт, чанар ямар байгааг сурвалжиллаа. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 32-ын тойргоос хойш явахад автобусны буудал бүрт түлш борлуулах цэг 2-3 байв. Тэдгээрийг Долоон буудал хүртэлх зам дагуу ойрхон зайд байрлуулжээ. Дүүрэг бүрт борлуулах цэгүүд бий бөгөөд иргэд харьяалал харгалзахгүйгээр аль алинаас нь түлш худалдан авч болдог аж. Хамгийн гол нь карттай байх ёстой. Энэ жил цэгүүдийн хаягийг шинэчлэн “Шахмал түлшний борлуулалтын цэг” хэмээн бичжээ. Цэгийн болон борлуулагчийн утасны дугаар зэрэг мэдээллийг бичсэн байв. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Хандгайтад байрладаг 426 дугаартай цэгт очиход үйлчлүүлэгч цөөн байлаа. Иргэд модыг бэлэн мөнгөөр, шахмал түлшийг картаа уншуулж авах нь түгээмэл аж. Ингэхдээ голдуу нэг шуудайг авч байв. Тус цэгийн борлуулагчаас хэдий хэмжээтэй түлш захиалдаг, өдөрт хэр олон шуудайг зардаг талаар тодруулахад “Сайжруулсан шахмал түлш 10 тонныг өчигдөр захиалсан. Өнөөдөр тал нь зарагдлаа. Шахмал түлш худалдан авагчид карттай байх ёстой. Нэг өрх нэг л карт эзэмшдэг. Долоо хоногт долоон шуудай түлш авах хэмжээтэй. Өдөрт нэгийг авах нормтой гэсэн үг. Анх айл бүрт зургаан шуудайг борлуулж байсан нь хүрэлцээгүй болсон тул нэгийг нэмсэн” хэмээв. Картаа гээсэн тохиолдолд нөхөн авахдаа харьяа дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд ханддаг аж.
МОДНЫ ҮРТСЭН ТҮЛШИЙГ ГОЛДУУ ӨНДӨР НАСТНУУД АВДАГ
Борлуулалтын цэгүүдэд шахмал түлшнээс гадна шуудайлсан хар болон нарс мод, гал түргэн асаагч, үртэс, харандаан хэлбэртэй түлш зэргийг худалдаж байв. Хар мод 7500, нарс 7000, хус модны шахмал үртсэн түлш 12 ширхэгтэй нь 15 000 төгрөгийн үнэтэй байлаа. Эко түлш буюу модны үртэс таван кг нь 4000 төгрөгийн үнэтэй. Гал асаагч 32 ширхэг нь 4000 төгрөг аж. Үүнийг цаасны оронд хэрэглэдэг бөгөөд 10 минут орчим асдаг гэнэ. Мөн хус модны шахмал үртэс худалдаж эхэлжээ. Эдгээр түлшний борлуулалтын талаар лавлахад борлуулагч“Манайх эдгээр түлшийг дөрвөн улирлын турш зардаг. Хус модны үртсээр хийсэн шахмал түлшийг Орост үйлдвэрлэсэн гэсэн. Бид 100 боодлыг авсан. Одоогоор тал хувь нь зарагдсан. Үүнийг голчлон зуслангийн бүсэд амины орон сууцтай айлууд ханын буюу камень зуухандаа түлэхээр авдаг. Хус модны шахмал утаа, угаар гаргадаггүй учраас нялх хүүхэдтэй айлууд авах дуртай. Харандаан хэлбэртэй түлшийг самрын яс зэрэг эко түүхий эдээр хийсэн болохоор голдуу өндөр настнууд эрүүл мэндээ бодож худалдаж авдаг. Өвөлжин түлдэг айл ч бий. Түлэхдээ модоо асааж байгаад, дээр нь тавьдаг. Дулаанаа сайн барьдаг юм. Үнс бараг гардаггүй. Бүрэн шатдаг. Яаж түлдгийг нь сайн мэддэггүй хүмүүс ч байна.
Манайд зардаг модны үртсэн шахмал түлшнүүдийг ямар ч зууханд түлж болдог. Бид бүх төрлийн түлшээ авсан үнэ дээрээ 2000 төгрөг нэмж зардаг. Тухайлбал, хар модыг 5500, шахмал үртсийг 13 000 төгрөгөөр бөөндөж авдаг. Хүйтэрсэн үед шуудайтай мод, түлш өдөртөө зарагдаж дуусдаг” гэв. Шахмал түлш авч буй иргэдээс чанарын талаар лавлахад янз бүрийн байр суурьтай байлаа. “Сайжруулсан түлш тортогтой л болохоос биш, илч сайтай юм. Нэг хувинг түлэхэд өдөртөө хүрэлцдэг. Яндангаа хөөлөөд, зөв стандартаар түлэх хэрэгтэй юм билээ. Ноднин яаж түлэх талаар хэрэглэгч бүрт гарын авлага тараасан” гэв. Мөн харандаан хэлбэртэй түлш авч буй эмэгтэй “Мод аваад, дээр нь үүнийг болон шахмал түлш түлдэг. Бороотой үед дангаар нь түлж болно. Манайх 42 кг-ын шуудайтайг 4-5 хоног түлдэг” гэж ярилаа. Зарим цэгийнхэн явган хүний зам дээр түлшээ хурааж тавьсан нь эмх цэгцгүй харагдав. Бас энэ нь орчны бохирдол үүсгэх гол шалтгаан болжээ.
“ИД ХҮЙТНЭЭР ТҮЛЭХЭД ИЛЧ МУУТАЙ САНАГДСАН”
Чингэлтэй дүүрэг дэх шахмал түлш борлуулах цэгүүд Сүхбаатарынхтай харьцуулахад хоорондоо хол зайтай аж. Бас ихэнх нь зам дагуух хашаан дотор түлшээ өржээ. Гудамж бүрт айлууд уг түлшний уутанд хогоо хийж тавьсан нь олонтоо таарсан. Уут нь том хэмжээтэй, бөх бат учраас хогоо хийж болдгийг иргэд хэлэв.
Чингэлтэй дүүрэг дэх “Хүчит шонхор” захаас холгүй байрладаг, 170 дугаартай цэгийн хашаанд гурван хэсэг газарт шахмал түлш хураасан байв. Энэ хашаа өмнө нь түлээ, нүүрс борлуулах төв цэг байсан гэнэ. Одоо ч энэ хавийн ихэнх оршин суугч эндээс түлшээ авдаг аж. Тэндхийн борлуулагч “Бид түлшээ хангалттай нөөцөлсөн. Энэ долоо хоногт цаг агаар сэрүүсэх тул иргэд түлш авах нь элбэг байна. Манай дүүрэг харьцангуй олон хүн амтай. Энэ хавийн нэлээд олон хорооны иргэдийн түлшийг бид нийлүүлдэг. Нэг хүн ачааллаа дийлэхгүй учраас гурван хүн түлш борлуулж байгаа” гэв. Иргэдийн хувьд түлшний чанарын талаар “Ний нуугүй ярихад сайн түлш биш байна лээ. Сайжруулсан түлшний дөрвөн үйлдвэр байдаг гэж сонссон. Үүний хоёр нь сайн. Сүүлд нээсэн хоёрынх нь үйл ажиллагаа тааруу, үйлдвэрлэсэн түлш нь илч муутай гэсэн. Ноднин өвөл ид хүйтнээр түлэхэд илч муутай санагдсан. Тиймээс олноор нь авах хэрэггүй юм билээ. Одоо бол ноднин үйлдвэрлэсэн үлдэгдэл түлшийг агуулахаас нийлүүлж байгаа гэж сонссон” гэлээ.
“Түлшний зах дагаж амьдрал өрнөдөг” гэж ярих хижээл насны эрэгтэй энд худалдан авагчдын түлшийг тэргээр зөөж хүргэдэг аж. Талхныхаа мөнгийг голдуу эндээс олдгоо тэрбээр хэлж байлаа.