Хөвсгөл аймагт “Органик мах-Хөвсгөл экспо-2023” өдөрлөг боллоо. Тус аймгийнхан органик мах, бүтээгдэхүүнээрээ ялгарна хэмээн том зорилго тавьжээ. Үүний хүрээнд 2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн таван хувийг органик баталгаажуулалтад хамруулахаар зорьжээ. Мөн ойрын хугацаанд органик мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аймаг болохоор төлөвлөсөн байна. Тиймээс малаа бүртгэлжүүлж, малчдаа чадавхжуулан, малын эрүүл бүсээ тэлж эхэлжээ. Өдөрлөгийн үеэр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас “Органик мал аж ахуйн баталгаажуулалт ба органик мах, махан бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэх боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн, судлаачид Хөвсгөл аймгийн малын мах яагаад эрүүл, органик вэ гэдгийг дараах үндэслэлүүдээр тайлбарлав.
ХХААХҮЯ-ны ахлах шинжээч, техникийн ухааны доктор Д.Батмөнх “Хөвсгөл аймагт уул уурхайн үйлдвэр байхгүй. Бас цэнгэг устай. Ус цэнгэг учраас байгаль орчин нь цэвэр. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэг боломж нөхцөл нь энэ” хэмээсэн юм. Тэгвэл ургамал судлаач, доктор Ж.Оюунмаа “Хөвсгөл аймгийн ихэнх газар нутаг нь өндөр уулын болон ойт хээрийн бүсэд хамаардаг. Аймгийн бүх газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Хамгийн сүүлд 2022 онд дэлхийн шим мандлын сүлжээнд Хөвсгөл нуур орсон нь энэ нутаг органик гэдгийг олон улсад баталсан хэрэг. Энэ бүслүүрт Хөвсгөл нуур орчмын найман сумын газар нутаг хамаардаг. Ийм газарт бэлчиж, тайга, ойн, эмийн ургамлаар хооллож байгаа мал эрүүл, мах нь органик юм” гэж онцолсон. Аймгийн удирдлага энэ боломжоо ашиглан малчдынхаа орлогыг өсгөх, эрүүл мах экспортод гаргахын тулд тодорхой ажлуудыг зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал, аймгийн Мал эмнэлгийн газраас орон нутгийнхаа малыг нарийвчлан бүртгэлжүүлж буй. Улмаар Хөвсгөл аймгийн сумууд эрүүл бүс гэсэн үнэлгээ ч авч эхэлсэн байна. Жишээ нь, Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган сум эрүүл бүсээр нэрлэгджээ.
Үүнээс гадна хөвсгөлчүүд нутгийн цөөнгүй брэндээ шинжилгээнд хамруулж, эко гэдгийг нь илтгэх код, органик бүтээгдэхүүний баталгаажуулалт хийлгэсэн аж. Жишээ нь, Ренчинлхүмбэ сумынхан шишгэд болон дархад цай, нэрс, аньс, шар тос, цөцгий, аарц, хонины махаа органик болохыг нь баталгаажуулсан. Тус сум дархад үүлдрийн 100 000 гаруй хоньтой. Өнгөрсөн наймдугаар сард дархад үүлдрийнхээ хонины махыг органик хэмээн лабораториор баталгаажуулжээ. Ренчинлхүмбэ сум 1000 гаруй малчин өрхтэй, 221 мянган малтай. Малчдын орлогыг өсгөх ажлыг “Мөрөн агро” компанийнхан эхлүүлжээ. Тус компанийн кластер төслийн зөвлөх Д.Амарбаясгалан хэлэлцүүлгийн үеэр “Манай компани органик мах бэлтгэж, экспортлох чиглэлээр ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Түнэл, Тосонцэнгэл сумын 1100 малчинтай хамтран ажилладаг. Тэднийг чадавхжуулах, малын үүлдэр угсааг сайжруулах, хамтран тэжээлээ бэлтгэх зэргээр хоршиж ажиллах тогтолцоо бий болгоно. Монгол Улсад 170 орчим махны үйлдвэр ажиллаж, жилд 30-90 тн мах экспортолдог. Экспортын дундаж үнэ 2.3 ам.доллар. Аль аль нь чамлахаар тоо. Бэлчээрийн мал аж ахуйтай орны хувьд дэлхийг гайхшируулах хямд үнэ. Бид органик махаа үнэд хүргэж экспортлох хэрэгтэй. Мөн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоо манай улсад үгүйлэгдэж байна. Малчдын гараас мах хэрэглэгчид очихдоо долоон дамжлага давдаг. Бид малчидтай хамтраад үүнийг гурав болгон цөөрүүлнэ” гэсэн юм.
Хөвсгөл аймгийн 21 сум, нэг тосгоны 170 гаруй иргэн, 16 аж ахуйн нэгж 250 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаанд оролцсон. Нутаг нутгийн брэнд онцлогтой байв. Малчид цагаан идээ, мал, махаа борлуулж, үйлдвэрлэгчид нь ганд дэвтээж, гараар элдсэн арьс, шир, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, эмээл, хазаар, ногт, чөдөр, дээл, хувцас арилжлаа. Ногоочид эрүүл хөрсөнд тариалсан, бордоогүй ногоо, дархчууд нь байгалийн модоор хийсэн чамин ганган эдлэлүүдээ дэлгэсэн. Жижиг, дунд үйлдвэрлэгчид нь ч нэрийн бүтээгдэхүүнүүдээ борлууллаа. Хол, ойрын гийчид органик бүтээгдэхүүнүүдийг гар таталгүй авч байв.
Цагаан-Уул сумынхан нутгийнхаа нэртэй үүлдрийн хонио экспод авчирчээ. Цагаан-Уул үүлдрийн хонины махны гарц сайн, амттай, мөн ноос нь чанартай гэдгээрээ алдартайг 40 гаруй жил мал малласан П.Төртогтох хэлсэн. Тэрбээр “Аймагтаа бол Цагаан-Уул сумын хуцыг голох газар байхгүй. Улсад бол Хөвсгөлийн Цагаан-Уул үүлдрийн хонь хэзээд алдартай. Нутагтаа сайн үүлдрийн мал өсгөхийн тулд энэ насаа элээлээ” хэмээсэн. Цагаан-Уул үүлдрийн нэг хуцыг тэрбээр 500 мянган төгрөгөөр борлуулж байлаа.
Хөвсгөл аймаг 21 900 малчин, 6.2 сая малтай. Тус аймгийнхан жилд 1.5-1.8 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 240 тэрбум төгрөгийн мах нийлүүлж, мал аж ахуйн салбарын орлогоороо улсад тэргүүлдэг. Хөвсгөлийн Улаан-Уул сум дархад омгийн цагаан адуугаараа, Ренчинлхүмбэ дархад үүлдрийн хониороо алдартай юм байна. Мөн Төмөрбулаг сумынхан эрчим үүлдрийн ямаагаараа, Алаг-Эрдэнийнхэн хөөвөр ихтэй сарлагаараа улсад алдартай. Алаг-Эрдэнэ үүлдрийн сарлагийн хөөвөр ямааны ноолууртай дүйцэхүйц нарийн ширхэгтэй, дулаан, зөөлөн хөнгөн гэсэн.
Өдөрлөгт оролцогчдыг Төмөрбулаг сумынхан эрчим үүлдрийн ямааны боодог, бяслагаар дайлсан юм. Бяслагийн амт, чанарт иргэд “цоо шинэ” хэмээх үнэлгээ өгч байлаа. Эрчим үүлдрийн ямааны сүүгээр бяслаг үйлдвэрлэгч Н.Мөнх-Эрдэнэ “Өнгөрсөн дөрөвдүгээр сараас малчидтай гэрээ байгуулж, бяслаг хийж эхэлсэн. Судалгаагаа дуусгаж, туршилтаа эхлүүлээд явж байна. “Органик мах-Хөвсгөл экспо-2023” өдөрлөгөөс урам авлаа. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлнэ. Төрөлх нутгийнхаа түүхий эдээр импортыг орлуулах бүтээгдэхүүн гарган авсандаа баяртай байна” гэв. Түүнчлэн Төмөрбулаг сумын малчин П.Батхишиг нэг бүтэн арьсаар 700 мянган төгрөгийн бүтээгдэхүүн хийдгээ танилцуулсан юм. Тэрбээр “Суран эдлэл хийх аргыг хөгшин ааваасаа сурсан. Энэ өдөрлөгт 10 гаруй төрлийн эд хэрэглэлтэй оролцож байна. Гар аргаар арьс элдэж, бүтээгдэхүүн үйлдвэрлээд долоон жил боллоо. Жилд 10-аад үхрийн шир бэлтгэдэг. Миний бүтээгдэхүүн эдэлгээ сайтай. Ганд дэвтээж, гараар элдсэн сур насны хэрэглээ болдог” гэв.
Мөрөн сумын ногоочин М.Гантөмөр 10 нэр, төрлийн улаан лооль тарьж ургуулжээ. Уг бизнесээ эхлүүлэхийн тулд “Шинэ хөдөө” төслөөс хоёр хүлэмж зээлээр авч, Голландын дээд зэргийн сортын үр тариалжээ. Тэрбээр “Улаан лоолийн ургацаа хураасан. Мөн шар хулуу, брокколи, өргөст хэмх, чинжүү, цагаан лууван гээд 20 гаруй төрлийн төмс, хүнсний ногоо тариалдаг. Мөрөнгийн төв орчмын 10 гаруй га талбайд ногоо тарьдаг юм. Нэг га-гаас 25, жилд 150-160 тонн ногоо хурааж байна. 2022 онд гурван хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авч, үр болон тоног төхөөрөмжөө шинэчиллээ. Ургацаа хүлэмжээсээ шууд борлуулдаг. Бас цэцэрлэгүүдэд нийлүүлдэг. Энэ жил ургац сайн байлаа. Одоо хурааж эхэлнэ” гэв.
Эрдэнэбулган сумын иргэн Я.Сүхболдын хувьд үйсэн сав хийж борлуулдгаараа нутагтаа танигдсан юм билээ. Үүнийх нь талаар түүнээс тодруулахад “Үйсэн савыг манай ээж, аав, өвгөчүүд хийдэг байсан. Би тэднээсээ сурсан. Хонины арьс их хаягдаж байна. Тиймээс хонины арьсаар эцсийн бүтээгдэхүүн хийдэг. Нэг хонины арьсыг 20 000 төгрөгөөр элдэнэ. Жилд 400-500 арьс элдэх боломжтой жижиг цех ажиллуулдаг. Саяхнаас хонь, ямааны арьс элдэж, машины суудлын бүрээс, олбог, дээлийн дотор зэрэг бүтээгдэхүүн хийж эхэлсэн” гэж ярьсан юм.