Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн бямба гарагт Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ “Ноос ирээдүй” болон “Арьс ирээдүй” ХХК, “Өв эко мийт” орон нутгийн өмчит үйлдвэртэй танилцлаа. Тус аймагт төрөлжин хөгжих хамгийн боломжит салбар нь мах, малын түүхий эд боловсруулах үйлдвэрлэл юм. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гарган, эхний ээлжид тус аймагт олон улсын чанарын лаборатори байгуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв. Дээрх гурван үйлдвэртэй танилцах үеэрээ Засгийн газрын тэргүүн “Таван бүс нутагт мах, малын түүхий эд боловсруулах үйлдвэрийн кластерыг Засгийн газар бодлогоор дэмжиж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран байгуулахаа зарлан ажиллаж байна.
Өвөрхангай аймаг нь Архангай, Булган, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговьтой хиллэн, баруун аймгуудын дамжин өнгөрөх гүүр болдог томоохон суурин. Тус аймгийн төв Арвайхээрийг Дундговь, Өмнөговь аймагтай, Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт боомттой хатуу хучилттай авто замаар холбох төлөвлөгөөтэй. Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг байх бүрэн боломжтой. Малын вакцинжуулалтад анхаарах, гарал үүслийг нь цахимжуулж бүртгэх, эрүүл бүс бий болгох, гадаад улс орнуудаас тавьж буй стандартыг өндөр түвшинд мөрдөх шаардлагатай. Тиймээс Өвөрхангай аймагт олон улсын чанарын лаборатори байгуулах нь зүйтэй. Эхний ээлжид таван бүс буюу таван цагариг дотроо малын түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулчихвал малчдын бодит орлого нэмэгдэнэ гэж үзэн судалгаа хийх болно” хэмээсэн юм.
Ер нь малын түүхий эдийн үнэ буурсан, боловсруулж, нэмүү өртөг шингээн, экспортод гаргахад төр бодлогоор анхаарах шаардлагатайг Ерөнхий сайдыг орон нутгийн иргэдтэй уулзах үеэр малчид хэлж байв. “Шинэ сэргэлт”-ийн “Таван цагариг” хөтөлбөр нь 21 аймгаа бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг авто замаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах зорилт болохыг Ерөнхий сайд танилцууллаа.
Бэлтгэсэн: У.Наран