Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Баянхонгор аймаг дахь дулааны станц, шинэ суурьшлын бүс дэх мах, хүнсний ногооны зоорь болон ингэний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцсан байна. Баянхонгор сумд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн хүрээнд байгуулж буй дулааны станцыг ирэх оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Хүрээлэн буй орчинд бохирдол бага ялгаруулах 30 Гкал/цаг хүчин чадалтай уг станцын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг”, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын МЭЗ ХХК ажиллаж байна. Ерөнхий сайд дараа нь Баянхонгор сумын шинэ суурьшлын бүсэд байгуулж буй зарим бүтээн байгуулалттай танилцлаа.
Мах, ногооны зоорийн барилгын ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусах аж. Хөдөө аж ахуйн кластер байгуулах зорилготой мах, ногооны 1000 тн-ын зоорийг ашиглалтад оруулснаар тус аймгийн газар тариалан эрхлэгчид, малчид зориулалтын стандарт агуулахтай болж, тарьсан ногоо, мах, түүхий эдээ удаан хугацаанд хадгалах нөхцөл бүрдэн, шинэ, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах юм. Баянхонгор аймаг 2022 оны мал тооллогоор 45 529 тэмээ тоолуулсны 17 457 нь ингэ байна. Нийт ингэний 50 хувийг нэг ээлжийн саальд хамруулан тооцоход өдөрт найман тонн шингэн сүүний нөөц бүрдэх боломжтой гэнэ. Энэ нөөцдөө түшиглэн олон улсын стандартад нийцсэн шингэн сүү боловсруулан хатаах үйлдвэр байгуулах гэж байна. Тиймээс аймгийн хэмжээнд ингэний 30-40 ферм байгуулахаар төлөвлөж, уг ажилд Ерөнхий сайдаас дэмжлэг хүсжээ. Цагт 500 литр шингэн сүү хатаах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ хариуцаж буй аж. Үйлдвэрийн барилгын ажил 80 хувьтай байна.