Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сард баталж, долдугаар сарын 3-наас мөрдөж буй. Тус хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг Ёс зүйн хороо биелүүлэх учиртай. Тэгвэл эл хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэлжээ.
Төрийн албаны зөвлөлийн дэргэд ажиллах тус хороо нь төрийн албаны төв байгууллагын таван гишүүнээс гадна орон тооны бус дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байхаар дээрх хуульд заасан. Өөрөөр хэлбэл, Ёс зүйн хороо есөн гишүүнтэй ажиллана. Өдгөө Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Б.Баатарзориг, С.Цэдэндамба, Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан, Ц.Амартөгс нар ажиллаж буй. Орон тооны бус гишүүдийг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо томилж, чөлөөлөх эрхтэй. Мөн тэд Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэм, орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг батлах учиртай.
Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлага
2.1. Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг нэр дэвшүүлнэ. Үүнд:
2.1.1. ёс суртахууны манлайлал үзүүлэхүйц, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий иргэн гэдгээ ажил, мэргэжлийн үйл ажиллагаагаар нотлон харуулсан байх;
2.1.2. нэр дэвшигч нь 15-аас доошгүй жилийн ажлын туршлагатай, төрийн болон төрийн бус байгууллагьн удирдах албан тушаалд гурваас доошгүй жил ажилласан байх;
2.1.3. боловсрол, хүмүүнлэг, нийгмийн болон зан үйлийн шинжлэх ухаан, менежмент ба удирдахуй, эрх зүйн мэргэжлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх; (Мэргэжлийн чиглэлийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан мэргэжлийн чиглэл, индексийн дагуу ойлгоно).
2.1.4. нэр дэвших үедээ улс төрийн намын удирдах, гүйцэтгэх албан тушаалд ажиллаагүй байх;
2.1.5. эрүүгийн хариуцлага хулээж байгаагүй байх;
2.1.6. ёс зүйн болон сахилгын шийтгэлээр ажлаас халагдаж байгаагүй байх;
2.1.7. сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;
2.1.8. Ёс зүйн хорооны бусад гишүүнтэй нэг анги хамт төгссөн, эсвэл хамаарал бүхий этгээд биш байх. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу “нэг анги хамт төгссөн” гэснийг ерөнхий боловсролын дунд сургууль, их, дээд сургууль, коллежид нэг ангид хамт суралцаж төгссөнийг хамруулан ойлгоно).
Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмаас
Нэр дэвшигчдэд тавьж буй шаардлагаас харвал тэднийг сэтгэцийн өвчинтэй юү, ёс суртахууны манлайлал үзүүлж чадах уу гэх мэтээр олон талаас нь сонжиж, сонгох бололтой. Гэхдээ энэ нь зөвхөн орон тооны бус гишүүдэд хамааралтай. Учир нь Төрийн албаны зөвлөлийн таван гишүүнд тавьж ирсэн шаардлагад эдгээр заалт үгүй. Одоогийн хуулиар тус зөвлөлийн гишүүнд УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг, төрийн албан хаагчийн төлөөлөл болгон хоёр хүний нэрийг дэвшүүлэх заалттай. Тэд төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн, улс төрийн намын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан болон сүүлийн нэг жилийн хугацаанд эдгээр албан тушаалд ажиллаагүй байх ёстой. Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүд буюу Ёс зүйн хорооны орон тооны таван гишүүн нь нэг нутгийн болон нэг анги хамт төгссөн, эсвэл хамаарал бүхий этгээд байж болохгүй. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдад ёс суртахууны дээд хяналт тавьж ажиллах үүрэгтэй Ёс зүйн хорооны таван гишүүнд ёс зүйн ямар нэгэн шаардлага тавилгүй томилдог. Уг нь “орон тооны” гэх тодотголтой гишүүдэд нь ёс суртахууны өндөр шаардлага тавихад ч болохгүй зүйлгүй санагдана.
Нөгөө талаас Ёс зүйн хорооны гишүүдийг хэн, хаанаас томилох нь сонирхолтой. Орон тооны бус гишүүдийг байнгын хорооноос бол Төрийн албаны зөвлөлийн (орон тооны тав) гишүүдийг УИХ-аас томилохоор хуульчилсан. Ямар нэгэн албан тушаалтан, тэр дундаа ёс зүйг сахиулах ёстой бүтэц, бүрэлдэхүүнийг томилох эрх бүхий хүмүүс нь өөрсдөө өндөр ёс суртахуунтай байх шаардлагатай. Хулгайч, худалч гэгдсэн нэгэн бусдын ёс зүйтэй, эсэхийг шүүж суух нь өөрөө ёс зүйгүй хэрэг. Жишээлбэл, УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Ж.Мөнхбат Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүн байлаа. Эхнэрээ зодож, “эрүүлжүүлэх”-д морилж явсан тэрбээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүний хувиар Ч.Ундрамын (гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүүхдэдээ гар хүрсэн) ёс зүйн талаар ярих хэр зохистой, хэн хүлээж авна гэж. Иймд орон тооны бус гишүүдээс шаардаж байгаачлан “ёс суртахууны манлайлал үзүүлэхүйц, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий иргэн гэдгээ ажил, мэргэжлийн үйл ажиллагаагаар нотлон харуулсан байх” учиртай. Тэгж байж тэдний томилсон хүмүүс хүлээн зөвшөөрөгдөн, Ёс зүйн хорооныхон төрийн нийт албан хаагчийн ёс зүйг хянахад нь дөхөм болох юм.
УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өдгөө 10 гишүүнтэй. Дэд хорооноос байнгын хороо болтлоо өргөжсөн ч УИХ-ын гишүүдийн ёс зүйг сахиулах чиглэлд туйлын хангалтгүй ажилладаг, ер нь үйл ажиллагаа явуулдаг, эсэх нь ч мэдэгддэггүй, усанд хаясан чулуу шиг байдаг гэх шүүмжлэл тус байнгын хорооныхныг үргэлж дагадаг. Гишүүдийнхээ ёс зүйтэй холбоотой асуудлаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооныхон нэг ч удаа хуралдаж, ярилцаагүй гэхэд болно. Гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлага хөндөгдсөн асуудал үүсэхэд барьж авч чадалгүй өдий хүрэв. ЖДҮХС, Хөгжлийн банк, нүүрсний хулгай тойрсон хэрэгт хүртэл хэнд нь ч ёс зүйн хариуцлага тооцох нь битгий хэл, ам ангайгаагүй. Өөрөөр хэлбэл, гишүүдийн ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдлийг зүгээр л харж, хамгаалдаг. Гэтэл хамгийн ёс зүйгүй, юугаа ч худалдахад бэлэн, хулгайч, луйварчин хүмүүс төрд, эрх барих дээд байгууллагад нь тухалж, шургалчихсан гэж бодож, итгэдэг иргэд өдрөөс өдөрт олширч, тэр хэрээр эсэргүүцэл, шүүмжлэлээ маш хурцаар, янз бүрээр илэрхийлээд байна шүү дээ.
Цаашлаад Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга нь Б.Баттөмөр нь “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдсон удаатай. Тус байнгын хорооны гишүүн Х.Баделхан гэхэд Баян-Өлгий аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтын хамаг тендерийг төрөл садан, үр хүүхдээрээ нийлж авдгийг нутгийнхан нь ч, намынхан ч ярьдаг, бүр дөжирчихсөн. “Сахил хүртээд шал дордов” гэгчээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог Ёс зүйн дэд хороо байхаас нь парламент дамжуулан удирдчихаад “сахилгагүй гишүүдээ хүмүүжүүлээгүй”, үүний төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй Б.Бат-Эрдэнэ гишүүн бас л бүрэлдэхүүнд нь байсаар л буй. Тэрбээр жил гаруйн өмнө сайд боллоо гэж байнгын хорооны даргаас чөлөөлөгдсөн болохоос хариуцлага хүлээж, албаа өгөөгүй. Мөн авлига өгснөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлчихээд УИХ-д “орж” ирсэн Ш.Адьшаа гишүүн ч эл байнгын хороонд харьяалалтай. Бас Хөгжлийн банкны чанаргүй зээл тойрсон дуулианд холбогдсон С.Бямбацогт гишүүн ч Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд бий.
Ер нь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо гэлтгүй УИХ тэр чигээрээ, удирдлага нь гишүүдээ ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байлгах чиглэлд хангалттай ажиллаагүй. УИХ-ын гишүүнээр нэгэнт сонгогдсон хүмүүсийн суурь хүмүүжил, эцэг, эх, гэр бүлээс олж авсан ёс зүй, төлөвшлийг парламент өөрчлөхгүй ч төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж буй хүмүүс ёс зүйн ямар хэм хэмжээг мөрдлөг болгох ёстойг мэдрүүлж, алдаа гаргасан бол зохих хариуцлагыг нь үүрүүлээгүй. Тэд, дарга нар, төрийн албан хаагчид, тэр дундаа гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ гэж ярихаас хэтэрсэнгүй. 76 гишүүний хэн нь ч ёс зүйн алдаа гаргасан нэгнээ нүүрэн дээр нь шүүмжилж, шударгаар тайлбар нэхэж зүрхлээгүй шүү дээ.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн үйлчлэлд төрийн улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг албан хаагч хамаарна. Мөн төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан, олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан, бүх шатны ИТХ-ын дарга, төлөөлөгч, Ирээдүйн өв сан корпорацын эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүдийн ёс зүйг уг хуулиар хянах юм. Харин энэ бүх хүн, албан хаагчид ёс зүйг сахиулах үүрэгтэй хорооны гишүүдийг ёс зүйгүй гишүүдтэй УИХ, байнгын хорооноос томилно.