Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Дархан-Уул аймагт ес, Сэлэнгэ болон Архангайд тус бүр долоон томоохон төсөл, хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сард 10 аймагт ажиллаад буй. Тэрбээр тухайн орон нутгийн иргэдийн эрэмбэлсэн томоохон бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийг ирэх оны төсөвт тусгуулахаар мэдэгдсэн юм. Дээрх бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг нь шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгаснаас гадна “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн болон улс төрийн албан тушаалын томилгоонд шалгалт хийж, танилцуулахыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандоржид үүрэг болголоо.
Мөн “Цемент шохой” ТӨХК-ийн үйл ажиллагаа, үүргийн хэрэгжилт болон хүний нөөцийн байдалд шалгалт хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг ТӨБЗГ, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад даалгав. Түүнчлэн “Дарханы арьс, ширний цогцолбор”-т үүссэн нөхцөл байдал болон тус төсөлд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийг хохиролгүй болгох талаар судлан, танилцуулахыг Сангийн сайд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын үйл ажиллагаа, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийг эрчимжүүлэхийг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргад тус тус үүрэгдлээ.