Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх ажиллагааны явцыг өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн 107 компанийг 2023 онд “хар жасгаалт”-д оруулах, эсэхийг тогтоохоор хяналт, шалгалт хийж буй аж. Дүнг нь аравдугаар сарын сүүлчээр гаргах юм байна.
Мөн гүйцэтгэгчээс гадна захиалагч талын хариуцлагыг нэмэгдүүлэх, ажлаа сайн гүйцэтгэсэн компаниудыг “цагаан жасгаалт”-д оруулдаг болох шаардлага байгааг хэлэлцсэн байна. Улмаар шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгав. Түүнчлэн худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан, илт худал мэдээлэл бүхий материал ирүүлсэн аж ахуйн нэгжийн мэдээллийг холбогдох нотлох баримт, мэдээллийн хамт худалдан авах ажиллагааны улсын байцаагч нарт хүргүүлэхийг захиалагч нарт үүрэг болголоо.
Улсын ерөнхий байцаагч удирдамж гаргаж, 60 хүртэл хоногийн хугацаанд хяналт, шалгалт хийх бөгөөд Захиргааны ерөнхий хуульд нийцүүлж нотлох баримт бүрдүүлэх, эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг тодорхойлж, сонсох ажиллагаанд оролцуулах, хуульд заасан нөхцөл үүссэн тохиолдолд дүгнэлт гаргах ёстой. Иргэн, хуулийн этгээд дүгнэлттэй холбоотойгоор улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах, цаашлаад захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй. Харин гомдол гараагүй тохиолдолд Сангийн сайдад саналаа хүргүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах юм. Үүний дагуу 2019 онд 16, 2020 онд 15, 2021 онд 16, 2022 онд найм, 2023 онд 11 компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэж, холбогдох систем, цахим хуудсаар олон нийтэд мэдээлжээ.
Үүнээс гадна төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй, наймаас дээш жил үргэлжилж байгаа 25 төслийг яаралтай дуусгах үүрэгтэй ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулжээ. Эдгээрийн дийлэнх нь соёл, спортын салбарын барилга, байгууламж байгаагийн сацуу ингэж удсан шалтгаан нь голчлон захиалагчийн буруутай үйлдлээс үүдэлтэйг Сангийн сайд онцлов.
Бэлтгэсэн: Б.Уран