Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт ажиллах үеэр иргэдтэй уулзаж, санал, хүсэлтийг нь сонслоо. Тус аймаг 97 мянган хүн амтай, шилжин ирэгсэд жилээс жилд нэмэгдэж байгаа гэнэ. Иргэдийн сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байгаа нь улсын дундажтай харьцуулахад 400 мянгаар бага үзүүлэлт аж. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ муу, барилга байгууламж нь хуучирсныг иргэд хэллээ. Тус аймгийн таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын зураг төсөл бэлэн бол ирэх оны төсөвт санхүүжилтийг нь тусгахаа Ерөнхий сайд онцолсон.
Түүнчлэн Манзуширын хийд рүү инженерийн дулааны шугам сүлжээ татах, цагдаагийн байгууллага зориулалтын байртай болох, хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг төрөөс дэмжих, нийтийн тээврийн таксины үйлчилгээг сонгон шалгаруулах тендерийн зөвшөөрөл өгөх, шинэ суурьшлын бүсэд дэд бүтцийг нь шийдвэрлэж, цахилгаанаар хангах, заавал нийгмийн даатгал төлөх бус, хадгалдаг, түүнийг барьцаалж зээл авдаг тогтолцоог бүрдүүлж өгөх зэрэг саналыг иргэд хэлж байлаа. Мөн залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газар дутмаг, шилжин ирэгсдэд ээлтэй бодлого байхгүй, аймаг, орон нутгийн удирдлагууд иргэдийнхээ үгийг сонсохдоо хойрго байгааг шүүмжлэв.
Уулзалтын төгсгөлд Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариуллаа. Зуунмод-Улаанбаатарын чиглэлд хот хоорондын нийтийн тээвэр, таксины үйлчилгээний зөвшөөрөл өгснийг Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулсан бол Ерөнхий сайд “Хөдөө аж ахуйн салбарт анхаарна. Залуусыг дэмжсэн бодлого хэрэгжүүлж байгаа. Залуучуудтай холбоотой асуудлаар үндэсний хороо байгуулан, Ерөнхий сайд ахалж ажиллана” гээд ирэх жилийн төсвийг хэлэлцэх үеэр Төв аймагт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх бүтээн байгуулалтын талаарх саналаа танилцуулахыг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд захилаа. Мөн Засгийн газрын нөөцөөс шинэ суурьшлын бүсэд цахилгааны дэд бүтэц бий болгоход шаардлагатай хөрөнгийг гаргахаас гадна гэр хорооллын инженерийн шугам сүлжээг иж бүрэн шийдвэрлэх санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгахаа хэлэв.