Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Гореликийг хүлээн авч уулзлаа. Б.Энх-Амгалан хоёр орны хооронд гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбар бүрийн хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох талаар хөндсөн байна. Парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтойг тэрбээр тэмдэглээд, хөдөө аж ахуйн салбарын харилцаанд түшиглэн том оврын ачааны авто машины дистрибьютер, тракторын механикжсан автобааз, ачааны галт тэрэг угсрах үйлдвэр зэргийг зорилтот бүс нутагт байгуулснаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэдгийг онцоллоо.
Мөн соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөр эхлүүлэх зэргээр харилцааг өргөжүүлэх шинэ боломжийн тухайд талууд санал нэгдэв. АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид арваннэгдүгээр сард тус улсад албан айлчлал хийх аж. Энэ үеэр удаашралтай байгаа зарим төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгах, экспортын бүтээгдэхүүнүүдийг төрөлжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Элчин сайд Д.Н.Горелик Беларусь улсын зах зээлд Монголын талаас нийлүүлэх мах, ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүнийг борлуулахад онцгой анхаарч буйгаа хэлээд уг асуудлыг арваннэгдүгээр сард Минск хотноо болох хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хурлаар хэлэлцэнэ гэлээ. Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макей ирэх оны хоёрдугаар сард Монгол Улсад албан айлчлал хийхээр товлосныг тэрбээр мөн уламжилсан байна.