Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Архангай аймагт үргэлжилж, 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай танилцлаа. Амбулатори, хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг, хүчилтөрөгчийн болон дизель станцын барилга зэрэг найман блокоос бүрдсэн, орчин үеийн эмнэлгийн стандартын шаардлагад нийцсэн, иж бүрэн барилгыг улсын төсвийн 25.2 тэрбум төгрөгөөр барьж буй бөгөөд ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна. Эмнэлгийн хуучин барилгыг АШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгох төсөл боловсруулжээ. Үүнд 19.2 тэрбум төгрөг хэрэгтэй аж. Мөн тус аймагт сувилагч, тусгай мэргэжилтнүүд дутагдалтай гэнэ.
Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид шинэ суурьшлын бүс “Булганхангай” хорооллын төлөвлөлт, инженерийн дэд бүтэц, зам талбайн тохижилтын шийдэл, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Архангай аймаг нийт 60 га талбайд шинэ суурьшлын бүс байгуулж, “Булганхангай-1, 2” хороолол барьж, тохижуулахаар ажиллаж байна. Одоогоор найман байршилд 1500 айлын орон сууцын газар олгожээ. Суурьшлын бүсэд нийт 2830 өрхийн 113 мянга гаруй хүн ам оршин суухаар тооцоолсон бөгөөд орон сууцын хангамж 45 хувиар нэмэгдэх гэнэ. Өнөөгийн байдлаар тус аймгийн 80 гаруй хувь нь гэр хорооллын бүс аж.
Нэгдсэн эмнэлгийн барилга шинэ суурьшлын бүс дэх эхний бүтээн байгуулалтын нэг бөгөөд “Булганхангай-2” хорооллыг энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах юм байна. Тус хорооллын эхний 20 га талбайд 120 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг, усан бассейн, 320 хүүхдийн сургууль, спорт заал, дотуур байр, Онцгой байдлын газар, Багш хөгжлийн төв, Прокурорын газар, Хөгжимт драмын театр, “Эм Си Эс” ХХК-ийн худалдааны агуулахын барилгууд, инженерийн шугам сүлжээг дэд бүтцийн хамт барьж, 63.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
“Булганхангай” хорооллын авто зам, дугуйн болон явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, цэвэр усны байгууламж, цахилгаан, дулаан хангамж зэрэг дэд бүтэц, тохижилтын ажилд нийт 18.5 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг нь дулаан хангамжтай холбоотой. Тодруулбал, дулааны цахилгаан станц нь хувьчлагдсан, 11 уурын зуухыг нэг компани дангаар хариуцдаг. Шинээр ашиглалтад оруулж буй аж ахуйн нэгж, амины орон сууц бүхий айл өрхийг дулаанаар хангахад хүчин чадал үрэлцдэггүй аж. Иймд үүнд онцгой анхаарч өгөхийг аймгийн удирдлагууд Ерөнхий сайдаас хүслээ.
Бэлтгэсэн: Б.Уран