Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Дархан-Уул бие даан төсвөө бүрдүүлдэг цөөн аймгуудын нэг, 2022 онд төсвийн орлого 60,1 тэрбум төгрөг төвлөрүүлж 1,9 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Тус аймаг 2023 оныг “Ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлаад байна. 2035 он гэхэд хүн амынхаа 80 хувийг орон сууцжуулах зорилго тавьжээ.
Дархан-Уул аймгийн иргэд арьс ширнээс эхлээд уул уурхайн боловсруулах үйлдвэр байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, орон сууцанд хамрагдахад дэмжлэг үзүүлэх, засаг захиргааны удирдлагад төлөөлөл оруулах, сургууль, цэцэрлэгүүдэд их засвар хийх, иргэдэд газар өмчилж авах боломж олгох, төрийн дунд, доод шатны ажилтан албан хаагчдын чадавхыг сайжруулах, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах, банкны зээлийн хүүг бууруулах, хариуцлагын тогтолцоог сайжруулах, шүүхийн шинэчлэл хийх зэрэг асуудлыг хөндөн ярилаа.
Дархан-Уул аймгийн “Залуус” хорооллын шинэ сургууль, цэцэрлэг, аймгийн хэмжээнд байгаа их засвар шаардлагатай цэцэрлэгүүдийн засварын санхүүжилтыг үе шаттай шийдвэрлэнэ. Мөн тус аймгийн төвийн нийтийн тээвэрт 20 шинэ автобус өгөхөөр боллоо.
Дархан-Уул аймгийн иргэд 2024 оны улсын төсөвт дараах төслүүдийг тусгуулахаар эрэмбэллээ. Эдгээрээс хамгийн олон санал авсан төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
1. Түрээсийн орон сууц
2. Үерийн байгууламж барих
3. “Залуус”хороололд сургуулийн барилга
4. Сургуулийн барилга 480 суудал /Дархан-Уул, Орхон сум/
5. “Залуус”хороололд 150 ортой цэцэрлэгийн барилга
6. “Залуус-1,2”хорооллын инженерийн шугам сүлжээ, автозамын үргэлжлэл
7. Сургуулийн барилгын өргөтгөл
8. Өвлийн спортын ордон
9. 31-р хорооллын дулаан хангамж
10. Аймгийн төвийн дахин төлөвлөлтөөр Гэр хорооллын доторх хатуу хучилттай авто зам хоёр үе шатны ажил