УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, парламент дахь Ардчилсан намын бүлгийн дарга Паг Гуан Унтэй уулзлаа. УИХ-ын дарга БНСУ-д ажиллах хугацаанд “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцож, Үндэсний ассамблейн хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын процессыг судалж буйгаа уулзалтын эхэнд танилцуулав. Тэрбээр “УИХ-аас парламентын ардчиллыг бэхжүүлэх, төгөлдөржүүлэх зорилтын хүрээнд эрх зүйн шинэчлэл хийж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үүний хүрээнд УИХ-ын гишүүдийн тоо болоод хяналт шалгалтын хэм хэмжээ, чиг үүргийг нэмэгдүүлээд байна. Бид БНСУ-ын Үндэсний ассамблейн нийтийн сонсгол хийж буй туршлагаас судалж, Монгол Улсад нэвтрүүлж буй. Мөн Үндэсний ассамблейн өндөр албан тушаалтнуудын томилгооны сонсгол, нийтийн хяналт шалгалт, хиймэл оюун ухааны чиглэлээр туршлага судалж байгаа юм. Манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа УИХ болон Үндэсний ассамблей дахь парламентын бүлэг, Тамгын газрын хамтын ажиллагааг ахисан түвшинд хүргэх сонирхолтой байна” хэмээн илэрхийлэв.
Бүлгийн дарга Паг Гуан Ун “БНСУ, Монгол Улс эрт дээр үеэс түүхэн хэлхээ холбоотой. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд баяртай байдаг” гэж тэмдэглээд, Үндэсний ассамблейн нийтийн болон өндөр албан тушаалтнуудын томилгооны сонсгол, хяналт шалгалт хийх зэрэг бүхий л туршлагаасаа хуваалцах, дэмжлэг үзүүлэн ажиллахад буйгаа онцолсон. Түүнчлэн Үндэсний ассамблейн дэргэд Хууль зүй, төсвийн хүрээлэнгээс гадна судалгааны чиглэлээр хэд хэдэн байгууллага ажилладаг аж. Үндэсний ассамблейн Тамгын газрын дарга болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, манай хоёр парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцох, сургалт зохион байгуулах зэрэг асуудлыг танилцуулах болсныг дуулгав. Мөн БНСУ-ын Үндэсний ассамблейн зүгээс манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг илүү ахисан түвшинд хүргэх, бүхий л талаар дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллахаа уулзалтын үеэр дахин нотоллоо.
Бэлтгэсэн: Б.Уран