Хөвсгөл аймагт намрын ногоон өдрүүд үргэлжилж, аж ахуй эрхлэгчид, малчид тариаланчид байгаль дэлхийгээс хүртсэн хишиг, малынхаа үр шимд сэтгэл хангалуун сууна. Тиймдээ ч тэд өнгөрсөн өдрүүдэд “Органик мах-Хөвсгөл экспо-2023” өдөрлөг, үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
“Өгсөн, авсандаа өлзийтэй” гэж Монгол хүн хэлдэг. Товчхондоо, “Органик мах-Хөвсгөл экспо-2023” үзэсгэлэн худалдаа малчид, тариаланч, гар урлалынханд орлого даллаж, ирсэн зочид гийчдэд ч өлзийтэй сайхан болов. Өдөрлөгийн хаалтын үеэр тус аймгийн Засаг дарга П.Лхагважав “2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах, ойрын ирээдүйд органик мах махан бүтээгдэхүүн экспортлогч аймаг болохыг зорьж, малаа бүртгэлжүүлэх, малчдаа чадавхжуулах, малын эрүүл бүсээ нэмэх зорилт тавьсан. Үүний тулд малчин, мах үйлдвэрлэгчид, мал аж ахуйн бүртгэлжүүлэлт, стандарт чиглэлийн мэргэжилтэн, судлаач, ХХААХҮЯ болон сумдын удирдлага, бусад холбогдох салбарын төлөөлөлтэй хамтран хэлэлцүүлэг хийлээ” хэмээн онцолсон.
Монгол Улсад 400 гаруй махны үйлдвэр байдгаас төхөөрөх үйл ажиллагаатай цех 100 гаруй бий. Гэвч олон улсын стандарт нэвтрүүлсэн үйлдвэр 10 хүрэхгүй. Олон улсын ISO стандартыг хэрэгжүүлэхэд манай үйлдвэрүүд асуудалтай тулгардаг. Стандарт бүрэн хангаж байж органик мах махан бүтээгдэхүүнээ баталгаажуулах боломж бүрдэх аж.
ХХААХҮЯ-ны төлөөлөл “Органик мах үйлдвэрлэгч Хөвсгөл аймгийн удирдлагын бодлогыг дэмжиж байна. Зөвхөн органик мах биш органик сүү, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой аймаг” гэж мэдэгдлээ.
“Органик мах-Хөвсгөл экспо-2023” өдөрлөгийн төгсгөлд шилдэг үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, өрхийг шалгаруулсан билээ.
“БАЯЛАГ БҮТЭЭГЧ ӨРХ”
- Цэцэрлэг сумын Х.Баян-Амгалангийн “Цагаан идээ”
- Түнэл сумын Ж.Уртнасан “Олон төрөлт цагаан идээ”
- Чандмань-Өндөр сумын Г.Гэрэл“Олон төрөлт цагаан идээ”
- Их-Уул сумын Жаргалан бейкери “Гурил гурилан бүтээгдэхүүн”
- Баянзүрх сумын Оюунчимэгийн “Цагаан идээ”
- Шинэ-Идэр сумын Наранцацралын “Цагаан идээ”
ОРОН НУТГИЙН ОНЦЛОГ ХАРУУЛСАН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН
- Хатгал тосгоны Энхтайван “Хөвдөг усан онгоц бэлэг дурсгал”
- Цагаан-Уул сумын Оюунчилэг “Тосон брэнд”
- Цагаан-Үүр сумын Цэцэндулам “Цөцгий”
“ШИЛДЭГ ГАР УРЛАЛ БОЛОН ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ”
- Эрдэнэбулган сумын Я.Сүхболд “Үйсэн сав, арьс нэхий эдлэл.”
- Арбулаг сумын Ц.Дэлгэрмөрөн “Сур суран бүтээгдэхүүн”
- Мөрөн сумын Баасанчулуун “Үндэсний брэнд”
“ШИЛДЭГ ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧ”
- Галт сумын Ээж идэр хоршоо “Хүнсний ногоо”
- Газар тариалан эрхлэгч-Мөрөн сумын Одончимэг “Хүнсний ногоо”
- Газар тариалан эрхлэгч-Мөрөн сумын Дэжид “Хүнсний ногоо”
“ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ ХОРШОО, БҮЛЭГ”
- Тариалан сумын Ленинч хоршоо
- Төмөрбулаг сумын Дуганч хайрхан хоршоо
“ИМПОРТЫГ ОРЛОХ” БҮТЭЭГДЭХҮҮН
- Мөрөн сумын Дэлгэрэх шим ХХК
“ШИЛДЭГ ТЕХНОЛОГИТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН”
- Аяны жолоо ХХК “Бүхэл үр хөх тариа соёолжны талх”
ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ СУМ
- Тариалан сум
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ САЙТАЙ ОРОЛЦОГЧ СУМ
- Эрдэнэбулган сум
“АЙМГИЙН ШИЛДЭГ”
- Шинэ амттан ХХК “Сувд брэнд”