Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч болон тариаланч, малчдаа дэмжих, улмаар ногоон эдийн засгийн өрсөлдөх чадварыг өсгөх, шинэ зах зээл, боломжийг нээх зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон бусад төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран “Органик мах Хөвсгөл Экспо-2023” өдөрлөгийг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Шадар ван Чингүнжавын талбайн өдөрлөгт Хөвсгөл аймгийн 21 сум, нэг тосгоны 170 гаруй иргэн, 16 аж ахуйн нэгж 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож буй. Мөн “Органик мал аж ахуйн баталгаажуулалт ба органик мах, махан бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэх боломжууд” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг баталгаажуулж, гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгарууллаа. Мөн уламжлалт идээ ундааг сурталчлан, органик мах, мах боловсруулалт, хоолны технологийг танилцуулж, хоолны амталгаа шоу үзүүлбэр зохион байгуулсан. Тухайлбал, “Эсгий туургатан” төслийг санаачлагч, ерөнхий продюсер М.Галхүү эрчим үүлдрийн ямаагаар хийсэн боодгоороо зочдыг дайлсан. Тэрбээр “Монгол орныхоо хоолыг судалж 11 жил ажиллалаа. Баруун бүсийн аймгуудад ажиллаж ирээд Хөвсгөлийн эл өдөрлөгт оролцож байгаадаа баяртай байна. Монгол үндэсний хоол нарийн учир жаяг, хийцтэй монгол хүний биед зохицсон байдаг” хэмээсэн. Мөн өдөрлөгт оролцсон иргэд эрчмийн хар ямааны сүүн баялаг, хатаасан борц, нөөшилсөн мах махан бүтэгдэхүүн амталсан. Мөн нутаг нутгийн цагаан идээ, эсгий, арьс, ноосон гар урлал, эдлэл, сур, дээс, хонь ямааны арьсан эдлэл зэрэг бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, худалдаалсан нь олны сонирхлыг хэрэгцээг ихэд татаж байлаа. Хөвсгөл аймгийн орлогын гол эх үүсвэр нь хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбар бөгөөд жилд дунджаар 1.5-1.8 сая толгой мал борлуулж, мах, сүү, ноос, ноолуур гээд 360 тэрбум төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна. Тус аймаг органик хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, 2030 он гэхэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн таван хувийг органик баталгаажуулалтад хамруулахаар зорьж, улмаар 2023 оныг “Органик Хөвсгөл” жил болгон зарлажээ. Энэ жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг танилцуулах цогц ажил нь “Органик мах Хөвсгөл экспо-2023” өдөрлөг юм.
Өдөрлөгт оролцогчдын төлөөлөл ийн ярилаа
ХӨВСГӨЛ ТӨМӨРБУЛАГ СУМЫН МАЛЧИН П.БАТХИШИГ:
Суран эдлэл хийх аргыг хөгшин ааваасаа сурсан. Энэ өдөрлөгт 10 гаруй төрлийн эд хэрэглэлтэй оролцож байна. Дан гар аргаар үйлдвэрлээд 7 жил болж байна. Жилд 10-аад үхрийн шир бэлтгэж эд хэрэглэл хийдэг. Нэг үхрийн ширийг сар гаруй хугацаанд элдэж бүтээгдэхүүн гаргадаг болохоор тийм ч амар ажил биш. Бугуйл 120 000, хазаар 35 000-79 000, даруулга, олом 45 000-60 000, ташуур 25 000 төгрөгөөр борлуулж байна. Хот, хөдөөгөөс захиалга авдаг. Онцлог нь миний бүтээгдэхүүн эдэлгээ сайтай.
ГУРВАН-ЭРДЭНЭ СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН БАГШ БАГШ Э.ТЭГШЖАРГАЛ:
Ажлынхаа хажуугаар гэр бүлийнхээ хүнтэй хамт хүнсний ногоо тариад 4 дэх жилдээ хөдөлмөрлөж байна. Монгол саримс анх тариалж эхэлсэн бол одоо таван төрлийн хүнсний ногоо тарьж, борлуулж байна. Энэ жил анх удаа тарвасаа хураагаад баяртай байна. Зуныхаа амралтын гурван сарын хугацаанд 50 сот газарт тарвас тарьж 10 орчим тонн тарвас хурааж авлаа. Нэг килограммыг нь 2000 төгрөгөөр зардаг. Энэ жил ургац сайтай, бид ч ажилтай, орлоготой сайхан байна. Ер нь аливааг санаачилж, ажиллаж хийж чадвал бидэнд боломж их бий. Хичээлээ зааж ирчихээд амжвал талбайдаа ажилладаг.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН НОГООЧИН М.ГАНТӨМӨР:
“Шинэ хөдөө” төслөөс хоёр хүлэмж зээлээр авч Голландын дээд зэргийн сортын үр тариаллаа. Өөр өөр сортын улаан лооль тарьж, ургацаа хураасан. Шар хулуу, брокли, улаан лооль, өргөст хэмх, чинжүү, цагаан лууван гээд 20 гаруй төрлийн хүнсний ногоо тариалдаг. Мөрөнгийн төвөө тойроод 10 гаруй га талбайд ногоо тариад 10 дахь жилдээ золгож байна. Нэг га талбайгаас 25, жилдээ 150-160 тонн ногоо хураадаг. 2022 онд 3 хувийн хөнгөлөлттэй зээл авч үр болон тоног төхөөрөмжөө шинэчиллээ. Хүлэмжээсээ хураана, шууд борлуулна, бас цэцэрлэгүүдэд өгдөг. Энэ жил ургац сайн байлаа. Одоо их хураалт эхэлнэ.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ИРГЭН Я.СҮХБОЛД:
Үйсэн савыг манай эцэг, эх өвгөчүүл хийдэг байсан. Хонины арьс их хаягдаж байна. Хонь, тарваганы арьсаар эцсийн бүтээгдэхүүн хийж байна. Хүмүүс арьсаа хаяж байхаар надад өгч элдүүлж болно. Нэг хонины арьсыг 2000 төгрөгөөр элддэг. Жилд 400-500 арьс элдэх боломжтой жижиг цех ажиллуулдаг. Хуучин аргаар гангаар элдэхээр хүмүүс үнэр танартай гээд бас голох маягтай тул үйлдвэрийн аргаар хийж эхэлсэн. Сая сумаасаа гадна Булганы Худаг-Өндөр дэх “Мах маркет” компаниас хонь, ямааны арьс авч элдэж, суудлын бүрээс, олбог, дээлийн дотор зэрэг бүтээгдэхүүн хийж байна.