Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр тус улсын Гадаад хэргийн сайд Пенни Вонг-той албан ёсны хэлэлцээ хийлээ. Талууд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг харгалзан хоёр орны харилцааны түвшинг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэн, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээг улам бэхжүүлэхээр тохиролцсон байна.
Сайд Б.Батцэцэг хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг онцолж, хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр болон Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг тус тус ойрын хугацаанд байгуулахад нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Сайд Пенни Вонг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Австралийн Холбооны Улсад хийж буй энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа дурдаж, хоёр талын харилцаа НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд гүнзгийрэн хөгжиж буйд баяртай байгааг илэрхийлж, жендерийн эрх тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгааг онцоллоо.
Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг талууд цохон тэмдэглэлээ. Мөн тус тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улс хамрагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэ хугацаанд Монголын 700 гаруй оюутан залуус амжилттай хамрагдсаныг онцолжээ. Түүнчлэн, 2023 оноос дээрх тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэхээр тогтов.
Монгол Улсад нүүрлэсэн үерийн хохирлыг арилгахад зориулж Австралийн Холбооны Улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газарт 250 мянган ам.долларын тусламжийг Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар олгосонд монголын тал талархал илэрхийлэв. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа. Энэхүү баримт бичиг нь бүс нутаг, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар харилцан зөвлөлдөх, хоёр улсын дипломат ажилтнуудыг харилцан солилцох, сургалтад хамруулах болон Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой.