Монгол Улсаас Хорват улсад суух Өргөмжит консулаар томилогдоод 20 гаруй жил болж байгаа Хорватын Ерөнхий сайд асан Златко Матешаг “Найрамдал” одонгоор шагналаа. Тэрбээр Хорватын Ерөнхий сайдаар ажиллаж байснаас гадна хоёр удаа парламентын гишүүнээр сонгогдсон нэр хүндтэй улс төрч юм. Одоо Златко Матеша тус улсын Олимпын хорооны ерөнхийлөгчийн албыг хашиж байна.
Монгол, Хорватын соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, 20 гаруй жил хоёр орны гүүр болон ажилласан түүний хөдөлмөрийг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ийнхүү шагнасан байна. Ташрамд дурдахад манай улсыг төлөөлсөн өргөмжит консулуудын дунд түүн шиг тухайн улсынхаа өндөр дээд албан тушаалыг хашиж байсан эрхэм тун цөөн.