“Нийслэл, орон нутгийн хөгжлийг тэнцвэржүүлэхэд хандлага их чухал. Бид юуны түрүүнд хөдөөнийх, орон нутгийнх гэж ялгаварлан гадуурхаж, талцан хуваагддаг байдлаасаа ангижрах ёстой. Орон нутгийн иргэд юуны улмаас нийслэлд олноороо ирж суурьшдаг вэ. Мэдээж ажлын байр, үйлчилгээний чанар, хүртээмж үүнд чухал нөлөөтэй. Хоёрдугаарт, хотын иргэн байх гэсэн статус нөлөөлдөг. Ялангуяа их, дээд сургуулиа төгссөн оюутан залуус хотод ажиллаж, амьдрахыг илүүд үздэг. Тиймээс дэд бүтцээс эхлээд хууль, эрх зүйн хүрээнд тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхээс гадна хандлагаа өөрчлөх нь чухал болоод байна”.
Өнгөрсөн хавар зохион байгуулсан “Хот, хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандан ийнхүү хэлж байв. Шинэ суурьшил, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг голчлон хөндсөн, “Нийслэл хотын бэрхшээлүүдийг шийдэх хамгийн үр дүнтэй арга зам нь хөдөөг хөгжүүлэх” хэмээх үзэл санаанд зангидагдсан, орон нутагт шилжин суурьшсан залуучуудаар сайн сайхан зүйлс, нээлттэй боломжуудын талаар яриулсан тус чуулганаас Засгийн газрын тэргүүний дээрх үг л бодит байдалд нийцтэй санагдаж билээ. Хөдөөг хөгжүүлэхэд, орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэхийн тулд нийгэм, эдийн засгийн таатай орчин бүрдүүлээд зогсохгүй иргэдийн хандлага, сэтгэлгээг өөрчлөх нь нэн чухал.
Хотынхон хөдөөнөөс шилжин ирсэн иргэдийг соёлгүй, бүдүүлэг гэж гадуурхах нь элбэг. Гэхдээ энэ нь доог тохуу, егөөдлөөс хэтэрдэггүй. Харин орон нутгийнхан сум, аймагт нь шилжин суурьшихаар очсон хүмүүсийг янз бүрээр хяхан хавчиж, ялгаварлан гадуурхдаг. Жижиг зах зээлтэй учраас орлогоо, боломжоо, ажлын байраа булаалгах вий гэсэн айдастай байдаг нь үүнд нөлөөлдөг болов уу. Ийм жишээ маш олон бий. Тиймээс л “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан үндсэн зургаан зорилтын нэг болох “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг хэрэгжүүлэхдээ орон нутгийн хөгжлийн тушаа болсон энэ мэт асуудлыг шийдэх, өөр газар орноос шилжин суурьшиж буй иргэдийг найрсгаар хүлээн авч “идээшүүлэх” бодлого баримталж буй. “Хөдөөгийн сэргэлт” чуулганы үеэр орон нутгийн удирдлагууд нэгнээсээ өрсөн сайхан амлалт өгч, “Зориод ирвэл алгаа тосоод л угтаад авна. Амьдрах газар, ажлын байрыг нь зовлонгүй шийдэж өгнө” гээд сүйд болцгоосон. Гэвч бодит байдалд орон нутагт талцал хуваагдал, ялгаварлан гадуурхалт улам эрчээ авсаар, хөдөөг зорих хүсэлтэй хүмүүсийн итгэл найдварыг бөхөөсөөр байна.
Олон ястны өлгий нутгийнхан Монгол Улсын түүхэн дэх аймгийн анхны эмэгтэй Засаг дарга болсон удирдлагаа одоо хүртэл хүлээн зөвшөөрөхгүй “МАН-ын тавиул”, “Намын даалгавраар ирсэн хорлон сүйтгэгч” хэмээн элдвээр харлуулж, хувийн амьдралыг нь хүртэл сөхөж, орон зайд нь халдсаар байна. Түүгээр ч зогсохгүй гар нийлэн ажилладаг хүмүүсийнх нь намтар түүхийг ухаж, ямар ч хамаагүй сэжмээр түүнтэй холбохыг хичээх боллоо. Аймгийн удирдлагыг заавал нутаг орноосоо сонгоно гэсэн хууль, журам байхгүй л байлтай. Анхдагчдын өлгий гэгддэг Булган аймгийнхан ч шилжин ирсэн хүмүүст халтай, төрийн албан хаагчдыг шат шатандаа дээрэлхэж, дарамталдаг байж болзошгүй хоёр ч явдлыг цагдаагийн алба хаагч О.Цэлмэг, эмч Г.Вандандорж нар ил болголоо. Үүнээс үүдээд “Булганыхан өөр газраас ирсэн хүмүүст их халтай юм. Хүргэн, бэрүүддээ хэрхэн ханддаг бол” гэхчлэн олон нийт хошигнох болов.
Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймагт саяхан ажиллаад ирлээ. Тэндээс мөн л жалга довны үзэл, хандлага нэвт “ханхалж” байна. Орон нутгийн захиргааныхантай уулзсан ч, иргэдтэй санал бодол солилцсон ч “Аялал жуулчлалын салбарын орлогыг гаднынхан (тус нутгийнх биш) л хамдаг” гэж ярьж байлаа. Нэг нь бүр “Хөвсгөлд аялал жуулчлал эрхэлдэг 110 гаруй компани байдгийн 90 орчим хувь нь нийслэлд бүртгэлтэй. Жуулчин олширдог зуны улиралд Хатгал тосгонд Улаанбаатар хот болон бусад аймгаас 400-500 хүн ирж ажилладаг. Орон нутагт шингэж үлдэх ашиг орлого тун бага, иргэдэд ч өгөөж муу” хэмээн гомдоллосон. Уг нь бол Монгол Улсын иргэн хаана ч ажиллаж, амьдрах эрхтэйн адил аль ч нутагт бизнес эрхлэх боломжтой. Гагцхүү албан ёсны зөвшөөрөлтэй, татвар, хураамжаа хууль ёсны дагуу төлдөг байх учиртай. Өөрөөр хэлбэл, энэ бол олон нийтийн хүсэл сонирхол, таалах, эс таалах сонголтоор бус, зах зээлийн цэвэр өрсөлдөөний зарчмаар явдаг зүйл. Гэтэл хөвсгөлийнхөн аялал жуулчлалын салбараа өмчирхөж, өөр газраас ирсэн бизнес эрхлэгчдийг ад үзэх маягтай.
Хөдөөд бугшсан энэ мэт хандлага, сэтгэлгээ “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн үзэл баримтлал, үндсэн зорилгыг алдагдуулж мэдэхээр байна. Орон нутгийг зорьж буй иргэдэд ээлтэй тогтолцоог бүрдүүлж байж л хөдөөг хөгжүүлнэ. Ингэж чадаагүй цагт хэчнээн том бүтээн байгуулалт хийгээд, хэдэн мянган ажлын байр бий болгоод нэмэргүй. Хөдөө, орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэх, иргэдэд ипотекийн гурав, аж ахуйн нэгжид нэг хувийн хүүтэй зээл олгох, мөн татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг эдийн засгийн дэмжлэгийн арга хэмжээнүүдийг Засгийн газар хэрэгжүүлж буй. Одоогоор 200 орчим иргэн ипотекийн зээлд хамрагдаад байна. Аймгууд ч их, дээд сургуулиа төгссөн залуус, эмч, багш зэрэг эрэлттэй мэргэжилтнүүдийг орон нутагтаа тогтоох зорилгоор нийгмийн баталгааг нь хангах боломжуудыг санал болгож эхэлсэн. Гэхдээ нидэр дээрээ ажил хэрэг болгож, амласнаа биелүүлж буй нь ховор. Дорнод аймгийн Дашбалбар сумын захиргаа л нутагтаа ирж ажиллах эмч, багш нарт зориулан 16 айлын хоёр орон сууц энэ зун ашиглалтад оруулсан мэдээ бий.
Орон нутагт жишиг болсон сайхан санаачилга гээд иргэд үүнд ам сайтай байна. Гэвч эцсийн дүндээ байр сууц, хөнгөлөлттэй зээл зэрэг нь боловсон хүчнийг тогтоож үлдээх, хөдөө рүү чиглэсэн иргэдийн урс галыг нэмэгдүүлэхэд төдийлөн нэмэртэй арга биш юм. Хүн амьдрах, ажиллах газар орноо сонгохдоо эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, ажлын байрны орчин нөхцөл, ая тухтай байдал, ашиг орлого олох боломж, байгаль, цаг уурын онцлог гээд олон зүйлийг харгалздаг. Ялангуяа агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл гээд хэт төвлөрлөөс үүдэлтэй олон бэрхшээлд өдөр тутам дарлуулж залхсаар ийм сонголт хийж буй хүмүүст бол байр сууцаас илүү эрүүл, аюулгүй, тайван орчин л чухал. Гэтэл аймаг, сум болгон ийм байж чаддаг уу гэвэл үгүй. Ипотекийн зээлд хамрагдаад шинэ байртай боллоо гэж бодоход орлогын тогтмол эх үүсвэргүй бол яах вэ. Таатай боломжоор хангасан гээд илүү их дарамт, үүрэг хариуцлага үүрүүлж, хаашаа ч “хөдлөх” аргагүй болгочихвол хэрхэх бол. Намчирхах, нутгархах хандлагад хавчигдсаар байж суух аргагүйд хүрвэл яах вэ. Энэ бол иргэдэд учирч болох наад захын эрсдэл, тулгамдаж болзошгүй бэрхшээл шүү дээ. Тэгэхээр орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг идэвхжүүлье, “зам”-ыг нь бүрэн нээе гэвэл асуудлыг цогцоор нь харж, шийдэх хэрэгтэй. Хөндий байшин, хөнгөлөлттэй зээл амлаад орхих бус, хүнд ээлтэй тогтолцоо, амьдрах орчин бүрдүүлэх нь чухал.
...Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймагт саяхан ажиллаад ирлээ. Тэндээс мөн л жалга довны үзэл, хандлага нэвт “ханхалж” байна. Орон нутгийн захиргааныхантай уулзсан ч, иргэдтэй санал бодол солилцсон ч“Аялал жуулчлалын салбарын орлогыг гаднынхан (тус нутгийнх биш) л хамдаг” гэж ярьж байлаа...
Аймаг, сумуудын байр байдлыг ажиглахад “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжих нэрийн дор хурал хуй хийгээд жигтэйхэн. “Нээлттэй Ховд”, “Нээлттэй Увс” гэхчлэн уриа лоозон дэвшүүлээд сүйд. Хурлаараа юу ярьж байна вэ гэвэл ерөөсөө л дэд бүтэц, бүтээн байгуулалтуудын үр дүнд бий болох ажлын байрны сул орон тоо. Цалин, хангамж, ажиллах орчин нөхцөл тааруу бол хэчнээн сул орон тоо байгаад эзэнтэй болохгүй. Удирдлага, хамт олны харилцаа, хандлага нь таагүй бол тэнд хүн бүр ч тогтохгүй. Өдгөө орон нутагт эзнээ хүлээж буй сул орон тоо өчнөөн. Ажлын байр бий болгох замаар шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ гэдэг зоосны нэг тал шиг бас л өрөөсгөл хөшүүрэг. Орон нутгийн зүгээс тэргүүн ээлжид хийх, өөрчлөх шаардлагатай зүйл бол “шинэ хүн” хүлээж авах хөрс сууриа бэлдэх юм. “Бүтээнэ, барина, дэмжинэ” гэж хий хоосон ам гарахаас илүү иргэд рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийх нь тохиромжтой. “Хөдөө, орон нутагт яагаад хүн тогтохгүй байна”, “Шилжин ирж буй иргэдэд хамгийн их тулгамддаг бэрхшээл юу вэ” гэсэн асуултад дор бүрнээ хариулж, үүнийхээ дагуу шат шатандаа арга хэмжээ авах хэрэгтэй. Цаашлаад орон нутаг хөгжсөнөөр, хүн ам олширсноор ямар боломжууд бий болохыг иргэдэд нэг сайн ухуулан ойлгуулах нь чухал юм шиг ээ. Аль болгон бид нутаг усаараа талцан хуваагдаж, хөгжих, урагшлах боломжуудаа алдсаар байх билээ дээ.
Засгийн газар Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын үндэсний хороог өнгөрсөн сард байгуулсан. Үүнийг Ерөнхий сайд ахалж буй. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх хурдасгуур төв байгуулсан нь өдгөө үйл ажиллагаа явуулж байна. Эл төв ч Засгийн газрын тэргүүний удирдлагад ажлаа явуулдаг. “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг хэрэгжүүлэхэд саад болох хамгийн том дөнгө нь иргэдийн хандлага, сэтгэлгээ гэдгийг олж харсан хүн эрхбиш эдгээр нэгжийг тэргүүлж, удирдаж буй учраас энэ бэрхшээлийг тодорхой хэмжээнд шийдвэрлэх арга замыг нээх болов уу гэсэн итгэл, хүлээлт олон нийтийн дунд үүсээд байна. Орон нутагт шилжин суурьшиж, сорилт, бэрхшээлүүдтэй нүүр тулсан иргэд ч ийм итгэл найдвар тээж яваагаа хэлж буй. Харин “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг бодлогын түвшинд “барьж авсан” Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үүний эхлэлийг тавьж чадах болов уу.