Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн дарга Сайсумпон Фумвихан манай улсад албан ёсны айлчлал хийж, парламентын дарга нар хэлэлцээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол, Лаосын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа өнгөрсөн 60 жилийн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглээд, хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн гэв. Мөн Лаосын Үндэсний ассамблейгаас хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болгон улаан модоор хийсэн сандал, ширээг 2003 онд манай парламентад бэлэглэж байсан. Тэдгээрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд өнөөг хүртэл ашиглаж байгааг УИХ-ын дарга дурдаж байлаа. Үндэсний ассамблейн дарга Сайсумпон Фумвихан монголчууд бүхий л цаг үед Лаосын ард түмэнд тусламж, дэмжлэг үзүүлж ирснийг талархан тэмдэглээд, УИХ-д дахин 50 хос улаан зандан модон ширээ, сандал бэлэглэхээр болсноо дуулгасан юм.
УИХ-ын дарга Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлов. Талууд цаашид хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, найрамдлын бүлгүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулж, мэдээлэл, туршлага солилцох арга хэмжээг эрчимжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотолж, олон улс, бүс нутгийн түвшинд харилцан нэгнээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Мөн тээвэр ложистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй, боловсрол, нийгмийн эрүүл мэнд зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг түлхүү хөгжүүлэх талаар санал солилцож, хэлэлцэн тохиролцсон ажлууд, хамтын ажиллагааны санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө хоёр тал эрчимтэй ажиллахаар ярилцсан юм. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй лаос оюутнууд хоёр орны ард иргэдийг холбох гүүр нь болохыг Үндэсний ассамблейн дарга тэмдэглээд, тэтгэлгийн хэмжээг эдийн засгийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэхэд анхаарахыг хүсэв. УИХ-ын дарга ирэх оны төсвийг хэлэлцэн батлах үеэр эл асуудлыг нааштай шийдвэрлэхээ хэллээ.
Албан ёсны хэлэлцээний дараа парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт талууд гарын үсэг зурсан юм. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний ассамблейн дарга Сайсумпон Фумвиханыг хүлээн авч уулзлаа.
Бэлтгэсэн: Б.Уран