Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн сургуулийг энэ жил шинэлэг арга хэлбэрээр орон нутгийн томилгоот нэгжтэй хамтатган Төв аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байгаа билээ.
Сургууль Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн материаллаг баазыг түшиглэж, зарим ангийн үүрэг, оролцоотойгоор зохион байгуулагдаж байгаа ба эхний өдрүүдэд хүн нэг бүрийн бэлтгэлийг хангуулж, цэргийн мэдлэг, дадлагыг нь сэргээн бататгасан бол 09 дүгээр сарын 09-ний энэ өдөр салаа салбарын жигдрэлт, бэлтгэлийг төрөл мэргэжлээр нь хангуулах сургалт дадлагаар үргэлжилж байгаа юм.
Энэхүү сургалт дадлагын нээлтэд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, БХЯ-ны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга хурандаа Д.Энхсайхан, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр, ЗХЖШ-ын
Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын Цэргийн дайчилгааны хэлтсийн дарга хурандаа Н.Цэцэнхүү, Тусгай хүчний цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Л.Мөнхбат, Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Т.Төмөрчөдөр, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр нар оролцож, бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарт амжилт хүсэв.
Энэ үеэр бригадын генерал Ч.Цогтжаргал түүхэндээ анх удаа Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарууд, цэргийн бэлтгэл үүрэгтэн, орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүд оролцож, батлан хамгаалах тогтолцооны үндсэн хүч хэрэгслүүдийн нэгдмэл байдлыг хангаж байгааг тодотгоод, шинэлэг арга хэлбэрээр явагдаж буй сургуулийн ач холбогдлыг онцлон дурдав. Мөн тэрээр үүргээ ухамсарлаж хүрэлцэн ирсэн цэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд талархал дэвшүүлж, хал үзсэн хуучин цэргүүд Та нар бол эх оронч үзлийн дархлаа, аюулгүй байдлын үнэнч баталгаа хэмээн тодорхойлж байсан юм.
Цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн сургуулиас гадна Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Алтанбулаг, Эрдэнэ сумдад ЗХЖШ-ын Сургалтын хөдөлгөөнт бүлгээс орон нутгийн томилгоот нэгжийг хамруулсан онол, дадлагын сургалтыг мөн явуулж байгаа билээ. Энэ нь тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг бүхий л түвшинд хангах, нэгдсэн ойлголтод хүргэх, үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.