Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган"-ыг энэ сарын 8-ны өдрөөс 10-ны өдрүүдэд Хар зүрхний хөх нуурын районд амжилттай зохион байгууллаа.
Чуулганд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас шалгарсан 817 шилдэг залуу офицер оролцож "Залуу офицеруудын манлайлал, хөгжил"-ийн асуудлыг хөндөж хэлэлцэв.
Чуулганы хаалтын ёслолд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага оролцлоо.
Энэ үеэр Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Шилдэг офицер шалгаруулах уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага бүрийн баг, тамирчдад Дурсамж, мөнгөн шагнал хүртээв.
Залуу офицеруудын чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай чуулганыг хааж хэлсэн үгэндээ "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ажиллагааг сайжруулах, залуу офицеруудын үүрэг, оролцоо, манлайлал, хөгжлийг хангах, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлогыг тодорхойлоход уг чуулганы ач холбогдол өндөр юм. Чуулганыг угтаж үндсэн 3 чиглэлээр 43 ажлыг төлөвлөж бүрэн хэрэгжүүллээ. Чуулганыг угтсан ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, чуулганыг зохион байгуулахад идэвх санаачилга гарган хамтран ажилласан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, хамт олонд талархсанаа илэрхийлье. Залуу офицеруудын чуулганд байгууллага тус бүрээс шалгарч оролцсон Та бүхэндээ баяр хүргэхийн хамт чуулганы үйл ажиллагааг сурталчлах, гарсан уриалга, зөвлөмжийг ажил, амьдралдаа бүтээлчээр хэрэгжүүлэхийг үүрэг болгож байна. Энэхүү чуулганаас дэвшүүлсэн санал, зөвлөмжийг төр, засгийн бодлого, шийдвэрт тусган ажил хэрэг болгох чиглэлд бид цаашид анхаарч ажиллах болно" гэдгийг онцоллоо.
Үүний дараа чуулганд оролцсон залуу офицеруудын төлөөлөл Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт болон байгууллагуудын дарга нарт уг чуулганаас гаргасан уриалгыг гардуулсан юм. Мөн Залуу офицеруудын чуулганаас гаргасан санал, зөвлөмжийг Ажлын хэсгийн дарга, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайд хүргүүлэв.
Ийнхүү энэ оны эхнээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага бүр олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, үр дүнд хүрсний эцэст уг энэ удаагийн Залуу офицеруудын чуулганыг амжилттай зохион байгуулж чадсаныг албаныхан онцлов.
Эх сурвалж: Хурандаа Б.ОТГОНБАЯР