УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Лаос улсын Үндэсний Ассамблейн дарга С.Фумвихан манай улсад айлчилж байна. Цар тахлын үеэр Монгол Улс төдийгүй дэлхий нийтээрээ хөл хөдөлгөөнд орсон ч сүүлийн жилүүдэд улс орнуудын улс төр, эдийн засгийн харилцаа сэргэжээ. Ялангуяа, манай улсад дэлхийн нэр хүнд бүхий орны удирдагчид шил дараалан ирж байгаа юм. Тодруулбал, Гэгээн Ширээт Улсын Тэргүүн, Пад Францисын айлчлалыг дэлхийн хэвлэлүүд таван өдрийн туршид онцолсон.
Түүний дараа Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ассамблейн дарга ийн айлчилж байна. Лаос Улсын эдийн засгийн сүүлийн жилүүдэд өсөж, хурдацтай хөгжиж буй зүүн азийн орнуудын нэг. 2021 онд БНХАУ-тай өндөр хурдын галт тэрэгний замаар холбогдсноос хойш эдийн засаг нь эрчимтэй өсжээ. Зүүн өмнөд Азийн хуурай газрыг холбосон дамжин өнгөрөх энэхүү тээврийг нэмэгдүүлэхийн тулд ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх, зардлыг бууруулах, бүтээн байгуулалтыг хөгжүүлж эдийн засгаа хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн байна.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс 2024 онд болох АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулахаар нэрээ дэвшүүлжээ. Тус улс нь 2004-2005 онд болон 2016 онд АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байсан туршлагатай орон. Лаосчуудын дийлэнх нь хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд 80 орчим хувь нь хөдөө аж ахуй эрхлэн, голчлон цагаан будаа тариалан амьдарч байна.
Тус улс усан цахилгаан станц байгуулах том зорилт тавьсан бөгөөд Зүүн өмнөд Азийн эрчим хүчний гол эх үүсвэр болохоор төлөвлөжээ. Тодруулбал, 2025 он гэхэд усан цахилгаан станц улсын орлогынх нь хамгийн том эх үүсвэр болно гэж Засгийн газар нь тооцоолж байна. Мөн Лаосын зүгээс “10 мянган га газар өгвөл цагаан будаа тариалж өгье” хэмээн санал тавьжээ.