ОБЕГ-ын харьяа ар талын 115 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Баярсайхан нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Түүнийг албан тушаалаа урвуулж, жороор олгох ёстой өвчин намдаах үйлчилгээтэй тариаг өөртөө авсан хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, өнгөрсөн гуравдугаар сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн юм. Шаардлагатай тохиолдолд эмчийн бичсэн жорын дагуу олгодог, мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй “Трамадол” тариаг 2021, 2022 онд өөрийнхөө эмчилгээнд хэрэглэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Отгонтуяатай хамтарч, их хэмжээгээр захиалан авч өөртөө давуу байдал бий болгосон буруутгасан байдаг.
НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, давуу байдал бий болгосон” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалан хэлэлцээд шүүгдэгч Л.Баярсайхан, Э.Отгонтуяа нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан аж.