Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил төлөвлөгөөний дагуу хугацаандаа явж байгаа эсэх, гүйцэтгэгч нарт тулгамдаж буй асуудлуудыг тодруулан төслийн талбайд ажиллалаа.
Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн цэвэрлэх байгууламж болох А1-1 багц ажлын 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол нийт ажлын гүйцэтгэл 92.3 хувьтай явж байгааг албаныхан дэд сайдад танилцууллаа.
Үе шатны гүйцэтгэл, төлбөрийн хугацаа байгууллагын мөнгөн урсгалын чадамжаас хамааран бага зэргийн хоцрогдолтой явж байгаа ч төлбөрийн санхүүлжилтийг яаралтай шийдэж өгвөл хоцрогдолтой хугацааг нөхөх боломжтой гэдгийг гүйцэтгэгч байгууллагууд тавилаа.
Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо төслийн ажлыг хурдацтай явуулахад бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлээд дараах үүрэг чиглэлийг албаныханд өглөө.
- Эхний ээлжинд улирлын чанартай асфальт, бетон цутгалтын ажлыг чанар стандарт алдагдуулахгүйгээр гүйцэтгэх,
- Ногоон байгууламж, зам талбайн тохижилтод онцгой анхаарах,
- Нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажлуудыг баримтаар баталгаажуулах,
- Тоног төхөөрөмжүүдийн төлбөр тооцоог барагдуулан төслийг төлөвлөсөн хугацаандаа буюу 11 сард дуусгаж, ашиглалтад өгөхийг үүрэг болголоо.