Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзжээ. Тэрбээр Элчин сайд Цай Вэньруйг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласныг өндрөөр үнэлж буйгаа тэмдэглэж, цар тахлын онцгой цаг үед хоёр талын хамтын ажиллагааг идэвхтэй хадгалахад чухал хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлжээ.
Элчин сайд Цай Вэньруй Монгол Улсад ажилласандаа баяртай буйгаа онцлоод өнгөрсөн хугацаанд Гадаад харилцааны сайд болон Гадаад харилцааны яамны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласанд талархлаа илэрхийлэн, Монгол, Хятадын харилцаа болон ард түмэн хоорондын нөхөрлөлийг улам бататгахын төлөө цаашид ч хүчин чармайлт гарган ажиллахаа тэмдэглэв.