УИХ өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Төсвийн тухай хуулийн эл шинэчлэлийг наймдугаар сарын 24-нөөс мөрдөж байна. Парламентын даргын хэлсэнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэх бодлогын дагуу баталсан энэ мэт хууль, тогтоомжийн агуулга, үзэл санааг сурталчлан таниулах зорилгоор тус хуулийг Сангийн сайд болон яамны удирдлагуудад нь хүлээлгэн өгөөд байна. Саяхан Боловсролын багц хуулийг ч салбарын сайд, дарга нарт нь гардуулна лээ.
Одоогийн бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил бөгөөд Төсвийн байнгын хороо энэ сарын 15-ны дотор зөвлөлийг шинээр байгуулахаар төлөвлөчихөж. Нэмэлт, өөрчлөлтийн дагуу Төсвийн байнгын хороо 45-аас доошгүй хоногийн өмнө зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах тухай зарыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлэх ёстой.
Баталсан хуулиа хэвлээд, ёслол төгөлдөр хүлээлгэн өгөх нэг хэрэг. Гагцхүү тус хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгийг ил тод байлгаж, хариуцлагатай, тогтвортой болгох уу гэдэг нь л чухал. Уг нь төсвийн бодлого зөв байх нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, улмаар сайн засаглалыг бэхжүүлэх гол хөшүүрэг болдог. Гэсэн ч тойрог тойлсон, нутгархсан, сонгууль угтсан, улстөржсөн, бүр “авлигажсан” гэж цоллуулахдаа тулсан, хувь хүн, дарга, албан тушаалтнаас хэт хамааралтай төсөв “зурж” ирсний горыг өдгөө улсаараа амсаж буй. Тиймээс ч эрх баригчдын баталсан эл нэмэлт, өөрчлөлт УИХ-ын ээлжит сонгуулийн товтой 2024 оны төсөвт хэрхэн тусгалаа олж, хэрэгжих бол гэдэг нь анхаарал татаж байна. Тэд тойргийнхондоо, сонгогчдод таалагдах шуналдаа автахгүй байж, төсвийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой хуваарилж чадах уу. Цаашлаад төсвийн шинэчлэлийг тууштай хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам хоёр хэрхэн хамтран ажиллах бол. Сангийн яамныхан төсвийн төслийг боловсруулахдаа нээлттэй байж чадах уу. Төсөв батлах үеэр илүүтэй ажиглагддаг эрх баригчдын дотоод тэмцэл, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын зөрчил даамжрах уу.
Юутай ч төсвийн төлөвлөлтийг буруу тооцоолон батлуулж, хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалтыг чангатгасан гэж үзэж буй аж. Тухайлбал, төсвийн төсөл боловсруулахад шаардлагатай олон нийтийн хэлэлцүүлгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас жил бүрийн наймдугаар сард, тодотголын төслийг өргөн мэдүүлэхээс 14-өөс доошгүй хоногийн хугацаанд зохион байгуулахаар өөрчилсөн. Үүнийг зохион байгуулахдаа удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллаагүй тохиолдолд түүнийг ажлаас халах гэнэ. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн төсвийн тухай хуульд заасан зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, зориулалт бусаар ашигласан бол эрхэлж байгаа албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцох нь.
Үүнээс гадна төрийн аудитын байгууллагаас сөрөг болон хязгаарлалттай дүгнэлт гаргаж, албан шаардлага хүргүүлсэн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцсон, эсэх, албан шаардлагыг нь хэрхэн биелүүлсэн талаарх тайланг ч ягштал шалгах бололтой. Ингэхдээ төсвийн сахилга, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр хийж буй арга хэмжээний талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны ажлыг эрчимжүүлэх гэнэ.
Түүнчлэн төсвийн цаглаварт нэлээд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, Засгийн газраас төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтэд заавал хэлэлцүүлэхээр хуульчилсан байна. Улмаар дараа жилийн төсвийн төслийг есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлэх нь. Гэхдээ үүнийг ирэх оноос мөрдөнө. Энэ нь УИХ-ын хяналт шалгалт, хууль батлах, төсвийн төслийг хянахад мэргэжил, арга зүй, цаг хугацааны хувьд томоохон дэмжлэг болно гэж үзжээ.
Ер нь төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх батлах болон төсвийн цаглаврыг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрчлөлтийг ирэх оны эхнээс дагаж мөрдөх юм. Харин дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, түүний нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш гурваас доошгүй сарын хугацаанд төсвийн төсөл, тодотголыг өргөн мэдүүлэх, батлахыг хориглох зохицуулалтыг 2025 оноос хэрэгжүүлэх аж.
Үүнээс гадна улсын төсвийн төлөвлөлт, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахад ашигладаг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг Засгийн газар дангаар боловсруулж ирсэн. Тэгвэл эдгээрийг УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хариуцах нь. Үүнийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд “УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсөв, тодотгол, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан, эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах болон төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулах үүрэг бүхий Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулан ажиллуулна” хэмээн заажээ.
Уг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд баталсан ч дээрх зөвлөлийг 2018 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулсан юм. Тухайн үед тус зөвлөл есөн гишүүнтэй байсан бол одоогийн өөрчлөлтөөр долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Тэднийг Төсвийн байнгын хорооноос нээлттэй сонгон шалгаруулалтаар, хүн тус бүрээр шалгаруулан томилж, чөлөөлөх аж. Өмнө нь Засгийн газар, Монголбанк, Төсвийн байнгын хорооноос тус бүр хоёр, хараат бус гурван гишүүн томилох зохицуулалттай байв. Мөн улс төрийн албан тушаал хашиж буй хүнийг томилохгүй гэх мэт ерөнхий шаардлагыг гишүүдэд тавьж байсан бол сүүлийн зургаан жилийн хугацаанд намын гишүүнчлэлгүй, улс төрийн үйл ажиллагаа явуулаагүй, зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш зургаан жилийн хугацаанд аливаа сонгуульд нэр дэвшихгүй байх зэргээр шалгуурыг нь нарийвчилжээ. Үүний сацуу “хувь хүний ёс зүй болон нэр хүнд нь тухайн зөвлөлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх” гэсэн шаардлага ч багтаасан байна.
Одоогийн бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил бөгөөд Төсвийн байнгын хороо энэ сарын 15-ны дотор зөвлөлийг шинээр байгуулахаар төлөвлөчихөж. Нэмэлт, өөрчлөлтийн дагуу Төсвийн байнгын хороо 45-аас доошгүй хоногийн өмнө зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах тухай зарыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлэх ёстой. Мөн 2022 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангахад хяналт тавин, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй хамтран ажиллаж буй аж. Тухайлбал, төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг нь зөрүүтэй байгааг засаж, залруулах, төсвийн болон ерөнхий хяналтын сонсгол хийх цаг хугацааг холбогдох хуулиудтай нийцүүлэн өөрчлөх саналаа Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлэх гэнэ.
Түүнчлэн төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд тусгай шаардлагыг нь өөрчлөх, түдгэлзүүлэхтэй холбоотой аливаа шийдвэрийг гаргахдаа түүнийг батлах онцгой бүрэн эрхтэй УИХ-ын гишүүдийн хувьд өвчтэй, чөлөөтэй, гадаад, дотоод томилолттойгоос бусад тохиолдолд бүгдийг нь оролцуулахаар хуульчилсан байна.