Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (GIZ) хамтран хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төсөл Хэнтий аймгийн Биндэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө болон Жавхлант сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахад санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлжээ.
Газар зохион байгуулалт, газрын нөөцийн менежментийн дунд хугацааны баримт бичиг болох сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа иргэдийн оролцоог хангах, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор сумдын ИТХ-ын Төлөөлөгч, удирдлага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 1800 гаруй иргэнд танилцуулан, саналыг тусгаж, сумдын ИТХ-аар хэлэлцүүлэн батлууллаа. Ингэснээр сумдын газар ашиглалтыг хөгжүүлэх, газрын нөөцийн үр өгөөж, бүтээмжийг дээшлүүлж урт хугацаанд тогтвортой ашиглах, экологийн тэнцвэрт байдлыг хангах боломж бүрдэж байна.
Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Европын холбоо зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж аймаг, сумдыг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний баримт бичигтэй болгох тал дээр санаачилга гарган ажиллаж ирсэн. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр 5 аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, 59 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулаад байна.