Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо (МХҮХ)-ноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт шаардлага хүргүүлэх болсон талаараа өчигдөр мэдээлэв.
Сүүлийн үед төрийн зарим байгууллага, албан тушаалтан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа хараагүй хүмүүсийн асуудалд хайхрамжгүй хандах, ялгаварлан гадуурхах, үл тоох, улмаар басамжлан доромжлох явдал гараад байгааг тус холбооныхон хэлэв. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө болон холбогдох бусад албаныхан өнгөрсөн тавдугаар сард МХҮХ-нд очиж, тэдний ажиллаж, үйл ажиллагаа явуулдаг байрны гаднах талбайн асуудлыг бүрэн шийдвэрлэхээ амласан байна. Учир нь гаднах талбайд нь борооны ус байнга тогтож, тэнд ажиллаж байгаа хараагүй иргэдийн гутал нь өдөржин нойтон явах болжээ. Иймээс МХҮХ-ноос 10 сая төгрөг зарцуулан, гаднах тохижилтын зураг төслийг хийлгэсэн аж. Гэтэл төрийн холбогдох байгууллагынхан санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар уг ажлыг гүйцэтгэх боломжгүйгээ хэлсэн байна.
МХҮХ-ны ерөнхийлөгч Б.Ганзориг “Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөтэй утсаар ярьж, “Нүүр тулж уулзъя, тантай ярилцмаар байна” гэсэн хүсэлтийн хариуд тэрбээр “Чи хүний нүүр харах уу” гэх зэргээр ялгаварлан гадуурхсан” гэв. Тиймээс нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийт хараагүй иргэдээс уучлалт гуйх ёстойг тэрбээр хэллээ. Мөн түүнийг огцруулах хүртэл хариуцлага тооцох ёстойг онцоллоо. Түүнчлэн МХҮХ, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн гаднах талбай, орчны тохижилтын ажлыг нэн даруй гүйцэтгэх, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх зэрэг дөрвөн шаардлагыг Ерөнхий сайд, нийслэлийн Засаг даргад хүргүүлж буй юм байна. Уг шаардлагын хариуг есдүгээр сарын 7-ны дотор өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдлээ.
Бэлтгэсэн: М.Бүжинлхам