Улиастай-Алтай чиглэлийн улсын чанартай авто зам буюу Ганцын давааны зам засварын ажил өнөөдрөөс эхэлж байна. Тус чиглэлийн замыг Завхан АЗЗА ТӨХК шинээр хариуцахаар болсон. Тиймээс тус компанийн удирдлагуудтай аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр уулзаж, Улиастай-Алтай чиглэлд зорчиж байгаа иргэдийн тулгамдсан асуудал болоод байгаа энэхүү замын арчлалт, засварыг есдүгээр сарын 20-ны дотор шуурхай, чанартай хийж дуусгахыг үүрэг болголоо.
Ганцын давааны зам нь олон жил шороолж байгаагүй, замын чулуу хайрга ил гарч нэлээдгүй эвдэрсэн, арчлалт их шаардах тооцоолол гарчээ. Замыг шороо асган тэгшилж, индүүдэхээс гадна үерийн улмаас эвдэрсэн далан шуудуу, жижиг гүүрүүдийг засварлах бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээг сэргээнэ.
Завхан АЗЗА ТӨХК нь ойрын хугацаанд улсын чанартай Мөрөн- Улиастай чиглэлийн Согоотын даваа, Нөмрөг-Тэс-Улсын хил чиглэлийн Төөнөтийн даваа, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын давааны зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгээд байна.