Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мэдээллийн технологийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.
“Албан хэрэг, аялал жуулчлал, зөвшөөрлийн систем, санхүү нягтлан бодох бүртгэлийн системээр олон жил өрсөлдсөн програм гарчихаад байхад төрийн байгууллага өөрсдөө програм хөгжүүлдэг байсан. Энэ тогтоол гарснаар төрийн байгууллага 32 нэр төрлийн үйлчилгээний чиглэлд хамаарах програм хангамжийн хөгжүүлэлт шинээр хийхгүй, шаардлагатай бол хувийн хэвшлээр хийлгэнэ” гэдгийг ЦХХХ-ны сайд Н.Учрал тэмдэглэв.
Учир нь өнгөрсөн зургаадугаар сард зохион байгуулсан “Майндголиа ICT экспо”-гийн үеэр мэдээллийн технологийн компаниуд Засгийн газарт хандан, програм хангамжийн салбарт төр битгий өрсөлдөөч, хувийн хэвшил өөрсдөө олон улсын түвшинд өрсөлдөхүйц хөгжиж буй үед хамтарч ажиллан, олон уялдаагүй системээ нэгтгэх, хувийн хэвшлээр ажил гүйцэтгүүлэх чиглэл барихыг хүсжээ. Тус экспод 194 компани 492 бүтээгдэхүүн үйлчилгээг 185 мянга гаруй иргэнд, давхардсан тоогоор 2.6 сая хэрэглэгчдэд цахимаар танилцуулж, 4.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 41 сая ам.долларын хэлцэл, 6.9 тэрбум төгрөгийн экспортын гэрээ хийсэн.
ЦХХЯ програм хангамжийн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг “Майндголиа” системд байршуулж байгаа. Одоогоор 220 аж ахуйн нэгж 295 бүтэгдэхүүн байршуулсан бөгөөд төрийн аль ч байгууллага цаашид ашиглах бичиг хэрэг, цагийн бүртгэлийн ямар ч системийг эндээс авч ашиглаж хэвших нь чухлыг тэрбээр онцоллоо.
Төрийн захиргааны байгууллагуудад програм хангамжийн судалгаа хийхэд албан бичгийн 15 нэр төрлийн систем ашигладаг нь хороондоо уялддаггүй тул “Майндголиа” системп нэгтгээд байгаа аж. Тухайлбал, төрийн захиргааны 185, нутгийн захиргааны 53 байгууллагын програм хангамжийн зориулалтыг харахад, одоогоор 240 нэр төрлийн програм ашиглаж байна. Үүнээс байгууллагын дотоод үйл ажиллагааны чиглэлээр 41, төсөл санхүүгийн чиглэлээр 15, тусгай зөвшөөрлийн 15, иргэдийн санал хүсэлт гомдол мэдээлэл хүлээн авах 5, салбарын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 150 програм хангамж байгаа юм.