Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор 177.5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас коксжсон нүүрс оруулж ирэх тухай мэдэгдэж, олон нийтийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарсан. Тэгвэл ХҮН намаас уг мөнгийг нүүрс авахад бус, агаарын бохирдлыг бууруулах төсөлд зарцуулах нь зөв гэлээ. Тус намын “Бодлого судалгааны хүрээлэн”-гээс энэ онд хэрэгжүүлэх боломжтой, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөтэй төсөл шалгаруулж, улмаар хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргах түвшинд хүргэхийг зорих аж.
Энэ талаар НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга “Бидний зүгээс агаарын бохирдлыг бууруулах төсөл шалгаруулах уралдаан зарлаж байгаа. Хятадаас 177.5 тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс худалдаж авахын оронд өөр юу хийж болох талаар саналаа ирүүлэх уралдаан юм. Хөндлөнгийн хараат бус мэргэжилтнүүд төслийг шалгаруулна.
177.5 тэрбум төгрөгийг гэр хороололд утаа гаргаж буй айлуудад тараавал нэг айлд сая төгрөг ногдоно. Харин энэ мөнгөөр хагас коксжсон нүүрс авна гэдэг нь маш үрэлгэн, харалган шийдвэр юм. Агаарын чанарыг сайжруулна гэсэн ганц тайлбар хэлж байгаа уг арга хэмжээг бид зүгээр хараад сууж чадахгүй. Энэ асуудлыг бид нухацтай авч хэлэлцэж, эрдэмтэн судлаачдын тооцооллыг олон нийтэд танилцуулж, хуульд заасан шаардлагын дагуу хамгийн оновчтой хувилбарыг хэрэгжүүлэх ёстой” гэлээ. Тус уралдаанд түрүүлбэл дөрөв, хоёрдугаар байранд хоёр, гуравдугаар байранд орвол нэг сая төгрөг олгох аж. Материалыг энэ долоо хоногт хүлээн авч, ирэх долоо хоногт сонгон шалгаруулах гэнэ.
Бэлтгэсэн: Б.Оргил