Азийн хөгжлийн банкны урилгаар Бүгд Найрамдах Филиппин Улсад Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөгчид ажиллаж байна. Тус улсын Үндэсний эдийн засаг, хөгжлийн газар, Сангийн яамны Төрийн сангийн газар, Тээврийн яам, Төр-хувийн хэвшлийн түншлэлийн төв, төсөл хэрэгжүүлж буй төрийн байгууллага болон хувийн хэвшлийн түншлэгч зэрэг олон талын байгууллагуудтай уулзаж, тус улсын төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, амжилттай хэрэгжиж буй төслүүдтэй танилцаж, туршлага судлан, цаашид хамтран ажиллахаар боллоо. Филиппин улс нь 30 гаруй жилийн өмнөөс АХБ-ны дэмжлэгээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж иржээ. Улмаар Ази улсдаа тэргүүлэх хэмжээний сайн туршлагыг бүрдүүлж чадсан байна. Ялангуяа энэхүү хөгжлийн явцад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн үүрэг, оролцоо чухал ач холбогдолтой байсан бөгөөд өдгөө 120 гаруй мэргэжилтэнтэй 300 гаруй төслийг зохион байгуулан ажиллаж байна.