Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал наймдугаар сарын 21-ний өдөр тус улсын Гадаад хэргийн дэд сайд Элио Родригес-тэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардууллаа. Уулзалтын үеэр Элчин сайд С.Золжаргал уламжлалт түүхэн харилцаатай Монгол, Кубын найрсаг харилцааг бодит агуулгаар бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, ирэх сард Куба улсын даргалан зохион байгуулж буй Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалтад амжилт хүсжээ. Дэд сайд Э.Родригес Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийн талаар товч мэдээлэл өгч, цаашид хоёр улс шинжлэх ухаан, дээд боловсрол, эдийн засаг, худалдааны салбарт үр ашигтай хамтран ажиллах нөөц бололцоо байгааг тэмдэглэв.