УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг баталж, үүгээр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс төлөхөөр зохицуулсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байсан билээ. Хуулийн уг заалтад Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэсэн хүлээлт олон нийтэд байсан. Тэгвэл уг хуулийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн өчигдрийн дугаарт нийтэлжээ. Энэ бол хуулийн эцсийн найруулгыг хийн ёсчилсон, Төрийн тэргүүн ямар нэг байдлаар хориг тавиагүй гэсэн үг юм.
Шинэчлэн найруулж баталсан Нийгмийн даатгалын тухай ерөнхий хуулийн 25.23 дахь хэсэгт маргаан дагуулсан дээрх заалтыг тусгажээ. Үүнд “Малчин, туслах малчин энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар бүр төлнө. Улсын төсвөөс хариуцан төлөх хугацаа таван жилээс ихгүй байна” гэсэн аж. Малчид сайн дураар нийгмийн даатгал төлөх бол ийнхүү таван жилийн турш төрөөс 50 хувийг даах хуулийн заалт ирэх оны нэгдүгээр сараас үйлчлэх нь.
Малчдаас гадна гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдийн тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсаас төлөх юм байна. Мөн эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа эх, эцэг сайн дурын даатгал төлсөн нөхцөлд тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс сар бүр төлөхөөр уг хуульд тусгажээ.