УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Бүгд Найрамдах Филлипин Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Родиёо Р.Каталан тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ирэх аравдугаар сард Монгол-Филлипин улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хуралд Монгол-Филлипиний парламентын бүлгийг байгуулжээ. Тус бүлгийн даргаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, дэд даргаар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар томилогдсон байна.
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхийн тулд аялал жуулчлал, уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуй, батлан хамгаалах зэрэг бүхий л салбарт хамтран ажиллахдаа таатай байна. Тэр дундаа Монгол Улс аялал жуулчлалыг тэргүүлэх салбаруудын нэг хэмээн хөгжлийн бодлогоо тодорхойлж байгаа юм. Монгол Улс хөдөө аж ахуйн орон учраас малын гаралтай бүтээгдэхүүнийг импортлох боломж бий. Мөн боловсролын салбарт ажиллаж буй багш нарын англи хэлний боловсролыг сайжруулахад Филлипин улстай хамтран ажиллах сонирхолтой байгаа” гэдгээ илэрхийллээ.
Бүгд Найрамдах Филлипин Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Родиёо Р.Каталан, “Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байна. Тийм ч учраас манай Элчин сайдын яамны хөдөө аж ахуй, батлан хамгаалах, эрүүл мэнд, аялал жуулчлал, бизнесийн чиглэлийн үйл ажиллагааг хариуцдаг зөвлөхүүд хүрэлцэн ирсэн. Мөн Филлипин улсын аялал жуулчлалын тэргүүлэх агентлагийн төлөөлөгч Монгол Улсыг сонирхон ирсэн. Бид чиглэл чиглэлээрэ хамтран ажиллах шинэ боломжуудыг судалж, танилцаж, улмаар хамтын ажиллагааны уулзалтуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, Худалдаа аж үйлдвэрийн танхимынхантай хийх уулзалтдаа ихээхэн ач холбогдол өгч байгаа. Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар сонирхож байна” гэдгээ илэрхийлжээ.