Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр эхэллээ.
Наймдугаар сарын 21-23-ны хооронд үргэлжлэх “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор болж, уг чуулганд нийт 70 гаруй төлөөлөгч оролцож байна.
Чуулган “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ яагаад чухал вэ?”, “Бүсийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Бид хаана байна вэ, шинэчлэлийг хаанаас хэрхэн эхлэх вэ”, “Эрүүл мэндийн инновациар дамжуулан ЭМАШТҮ-ний шинэчлэлийг эрчимжүүлэх нь”, “Парламентын үйл ажиллагаагаар дамжуулан ЭМАШТҮ-ний шинэчлэх, шинэчлэлийн арга зам” сэдвээрх нэгдсэн хуралдаануудаар үргэлжилнэ. Мөн “Номхон далайн баруун бүс дэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй" стратегийн баримт бичгийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний цаашдын бодпогыг бэхжүүлэх, орчин үеийн шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох, орон нутгийн боломжуудыг ашиглаж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг манлайлан дэмжих асуудлаар улс орнуудын парламентын туршлагаас хуваалцах, технологи, санхүүжилтийн загварууд болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгарч буй бэрхшээлийг түншлэлээр хэрхэн шийдэх, инновацыг танилцуулж, санал солилцох парламентчдын зүгээс эрүүл мэндийн салбар цаашлаад дэлхий дахин, бүс нутаг, үндэсний болон орон нутгийн түвшинд түншлэлээр дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих талаар анхаарч ажиллах боломжуудыг хуваалцах зэрэг асуудлуудыг хөндөж, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх шийдлийг олох хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн санаачлагаар 2015 оноос эхлэн жил бүр бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхий нийтэд тулгамдаж буй эрүүл мэндийн нийтлэг асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форум нь өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Бүс болон Зүүн Өмнөд Азийн бүсэд харьяалагдах нийт 30 улсын парламентыг хамруулах болжээ. Тус форум нь эрүүл мэндийн асуудалд парламентчдын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх явцыг нэмэгдүүлэх, улмаар олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах замаар Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хууль эрх зүй, бодлогын дэмжлэгт орчин бий болгоход чиглэсэн олон талт хамтын ажиллагааны нэгэн чухал платформ болон хөгжиж байна.