Улаанбаатар хотод үргэлжилж буй Зүүн Азийн залуучуудын наадмын 3x3 сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтод оролцсон багуудаас Монголын эрэгтэйчүүдийн шигшээгийнхэн нэг ч ялагдалгүй финалд шалгарлаа. Тэд аваргын төлөө өмнөд хөршийн шигшээг 18:15-аар буулган авснаар Зүүн Азийн аваргаар тодров. Тэгвэл эмэгтэйчүүдийн шигшээ Хонконгийн багийг 12:10-аар хожиж, хүрэл медаль хүртсэн юм. Таеквондогийн тэмцээнд тулалдсан манай тамирчдаас дөрөв нь медалийн тавцанд зогсов. Эмэгтэйчүүдээс Г.Энхчимэг тоглолтын салхи хагалж, 63 кг-ын жинд хүрэл медаль зүүж, П.Удвал мөн уг жинд хүрэл медалиас атган, шагналын буухиаг үргэлжлүүллээ. Эрэгтэйчүүдээс 73 кг-д Ш.Ингүүн, Э.Цогжавхлан нар хүрэл медалийн эзэн болсон юм. Боксын тэмцээнд өрсөлдсөн ширэн бээлийтнүүдээс манайхан нэг алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медальтай өндөрлүүлэв. Эрэгтэйчүүдийн 54 кг-д О.Энхсайхан аваргаар шалгарсан. Түүнийг Булган аймгийн харьяат, “Их азар” ХХК-ийн захирал Ц.Алтансүх “Парис-2024” зуны олимп хүртэл цалинжуулахаар болжээ. Тэгвэл 51 кг-д Х.Дөлгөөнсайхан, 63.5 кг-д Ү.Баасандаш нар мөнгөн медаль хүртэв. Эмэгтэйчүүдээс 50 кг-д Б.Саруул, 60 кг-д Д.Гэрэлсайхан нар удааллаа. 54 кг-д Э.Номундарь, 48 кг-д О.Түвшинзаяа, 57 кг-д Э.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль авав. Тус наадмын и-спортын шигшээ тоглолтыг “VR tennis”, “King of fighters” гэсэн төрлөөр зохион байгуулсан. “VR tennis” төрөлд Монгол Улсын тамирчин Д.Мандах хүрэл медаль хүртлээ. “King of fighters” төрөлд Б.Мандахнаран Японы тамирчин Рикү Сайтотой өрсөлдөж, мөнгөн медалийн эзэн болсон байна.