УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар өчигдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Энэтхэг улсын санхүүжилтээр нефть боловсруулах үйлдвэр барьж буй. Тиймээс уулзалтын үеэр талууд бүтээн байгуулалтын уг томоохон төслийн явцын талаар ярилцсан байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн хэсэгт хуваан гүйцэтгэж байгаа юм. 2021 онд эхлүүлсэн ЕРС-01 багц буюу технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг энэ онд багтаан хүлээлгэн өгөх аж. ЕРС-02, 03 багц болон түүхий тос дамжуулах хоолой байгуулах ажлын гүйцэтгэгчийг 2022 онд сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар зураг төслийн ажлаа дуусгаж байна. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард үйлдвэрийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүлсэн. EPC-04 багц ажлын барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан гэсэн мэдээллийг Элчин сайд М.П.Сингх өгчээ. Тэрбээр мөн Монгол Улсын Сангийн сайд болон БНЭУ-ын “Эксим” банкны удирдлагууд өчигдөр дээрх төслийн ЕРС-01, ЕРС-02, ЕРС-03 багц ажлын зээлийн гэрээг шинэчлэн байгуулж, эргэн төлөх хугацааг 2030 он хүртэл хойшлуулсныг УИХ-ын дэд даргад дуулгасан юм.
Уулзалтад уг төслийн ажлыг гүйцэтгэж буй байгууллага, компанийн төлөөллүүд мөн оролцсон. Цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн зах зээлд бараа материал, техник, тоног төхөөрөмжийн үнэ өссөн нь төслийн нийт хөрөнгө оруулалтын зардалд нөлөөлж байгааг “Инженерс Индиа лимитэд” компанийн ерөнхий захирал Вартика Шукла ярьжээ. Тэрбээр ЕРС-04 багц ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдэхэд парламентын зүгээс дэмжихийг хүссэн байна. Хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон уг төслийг төлөвлөсөн хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхийн төлөө парламентаас бүх талаар дэмжинэ гэдгээ УИХ-ын дэд дарга илэрхийлжээ. Мөн тэрбээр БНЭУ-ын тусгаар тогтнолын 76 жилийн ойн баярын мэндийг Элчин сайдад хүргэсэн юм.