Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны энэ оны хоёрдугаар хуралдаан өчигдөр болсон байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн хэлэлцжээ. “Welcome to Mongolia” арга хэмжээг Япон, БНХАУ, БНСУ-д зохион байгуулснаас гадна Эдийн засгийн форум хийх үеэр 2000 гаруй зочин, гадаадын өндөр түвшний 500 орчим зочин, төлөөлөгч Монголд ирсэн аж. Агаарын тээврийн либералчлалын бодлогын үр дүнд энэ онд 40 гаруй улсын 150 чиглэлд нислэг үйлдэх боломж бүрдэн, долдугаар сарын 1-нээс дотоодын нислэгүүдийг сэргээснээр 32 мянган хүн тээвэрлэсэн гэнэ.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр “Шинэчлэн найруулж баталсан Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилтийг шуурхайлж, энэ салбарын менежментийг мэргэжлийн холбоонд шилжүүлэн, төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчимтэй хөгжүүлэх нь зүйтэй” гэв. Жуулчдын тоо нэмэгдэж байгаатай зэрэгцэн ариун цэврийн байгууламжийн асуудал хөндөгдөж буй. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд орчин үеийн ариун цэврийн байгууламжийг аялал жуулчлалын гол маршрутын дагуу барьж байгуулах талаар Ерөнхий сайд ярьж, холбогдох хүмүүст хугацаатай үүрэг өгсөн байна.
Хуралдаанаар жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, отоглох цэг байгуулах ажлын явц, тулгамдаж буй асуудал, өвлийн аялал жуулчлалын стратеги төлөвлөлт, гадаад зах зээлд чиглэсэн маркетинг, жуулчдын эрх ашгийг хангах утасны үйлчилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцжээ. Манай улс одоогийн байдлаар 400 орчим мянган жуулчин хүлээн аваад байгаа бөгөөд аравдугаар сар гэхэд энэ тоо 500 мянгад хүрэх төлөвтэй аж.