Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт Хархорин сумаас 40 орчим км-т 110кВ-ын Хархорин А,Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683-р тулгуурууд наймдугаар сарын 13-ны 22:55 цагт унаж, аваарын нөхцөл байдал үүссэн. Хүчтэй салхи, усархаг борооны нөлөөгөөр үүссэн дээрх гэмтлийг засахаар эхний ээлжийн бригадууд газар дээр нь ажиллаж байна. Сэргээн босголтын ажилд Хангайн бүсийн салбараас дөрөв, Улаанбаатар салбараас нэг бригад тус тус очжээ. Цахилгаан тасарснаар 45320 айл өрх, 5256 аж ахуйн нэгж долоон аймгийн 57 сумын хэрэглэгчид цахилгаангүй боллоо. Сэргээн босгох ажлыг 3 хоног буюу 72 цагийн дотор хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.