Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Сургалтын төвийг түшиглэн зохион байгуулагдсан “Оюутан цэрэг-2023” сургалтын хаалтын ёслол болоод дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол наймдугаар сарын 11-ний өдөр Дорнод аймагт зохион байгуулагдлаа. Дорнод, Хэнтий аймгийн 50 гаруй оюутан залуусыг хамруулсан сургалт хоёр сарын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр явагдсан бөгөөд цэргийн 11 мэргэжил олгож, бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийг нь дээшлүүлсэн юм.
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа О.Ганзориг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч дэд хурандаа Б.Бямба нарын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, оюутан цэргүүдийн ар гэрийн төлөөлөл оролцсон аж.
Сургалтыг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагчийн сургалт бэлтгэл хариуцсан орлогч дэд хурандаа Г.Ангараг удирдан явуулж, цэргийн хэргийн мэдлэг олгохын зэрэгцээ хамтач нөхөрсөг харилцаа, хариуцлагатай иргэн, цэрэг-эх оронч үзэл хүмүүжил, сэтгэл зүйн хатуужил, манлайлал зэрэг олон сэдвээр сургалт, нөлөөллийн ажлуудыг тасралтгүй зохион байгууллаа.
Тангаргийн баярын дараа түрүүч, байлдагч нар сурч мэдсэнээ орон нутгийн удирдлага, ар гэрийнхэндээ “тайлагнаж”, жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт, урлагийн тоглолтыг өргөн барьж бэлэг барив.
“Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулж өвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцан, эх оронч, оюунлаг, өндөр боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой билээ.
Эх сурвалж: Ахлах дэслэгч Х.Гарьд