- 45 хоногийн туршилтад нэг жилийн төсөвтэй дүйх хөрөнгийг зарцуулах нь -
Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах нэгдсэн, урт хугацааны бодлогогүй нь улстөрчдөд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх таатай боломж олгодгийн бас нэгэн тод жишээ болсон үйл явдал энэ өдрүүдэд өрнөж байна. Нийслэлээс гаргах 500 тэрбум төгрөгийн бондын 177 тэрбумыг агаарын бохирдлыг бууруулах ажилд буюу БНХАУ-аас 115 мянган тонн хагас кокс импортолж, гэр хорооллынхныг шинэ түлшний ээлжит туршилтад хамруулахад зарцуулах нь. Засгийн газраас гаргасан, Эрчим хүчний сайдын гардан танилцуулсан энэхүү шийдвэрийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид “виз дарсан”-аар ажил хэрэг болгох нөхцөл бүрдлээ.
Нийслэлийн гэр хорооллынхны хэрэглээнд сайжруулсан түлш нэвтрүүлээд дөрвөн жилийн нүүр үзэж байна. “Одоо л шийдэмгий алхам хийхгүй бол горьгүй нь” хэмээн түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, шинэ түлш нэвтрүүлсэн нь тухайн үеийн Ерөнхий сайд буюу одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Тэрбээр ийм шийдвэр гаргах үедээ “Утааг бууруулах үр дүнтэй шийдэл үүнээс өөр үгүй” хэмээн олон нийтэд итгүүлж, оноо ч авч чадсан. Шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлсэн эхний хоёр жилийн өвөл Улаанбаатарын утаа багассан мэт харагдаж байсан ч хор уршиг нь огт буураагүй юм. Тухайн үеийн Ерөнхий сайд түүхэн шийдвэр гаргасан гэх пи-араар өөрийгөө тодруулж, Ерөнхийлөгч болох замаа зассан билээ.
Харин одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сонгууль угтсан ээлжит тоглолтоо хийхээр зэхээд буй нь энэ шийдвэр гэж үзэж болно. “Сайжруулсан түлшнээс болж зөвхөн 2022 оны өвөл 56 хүн угаартаж нас барсан” гэх сэртхийлгэм мэдээ, агаар, орчны бохирдол ихэслээ хэмээх иргэдийн уур унтууцал тэдэнд санаснаа хэрэгжүүлэх таатай нөхцөлийг олгож байна гэлтэй.
Манай улс сүүлийн дөрвөн жилд сайжруулсан түлшинд 808 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнийг задалбал, түүхий эд импортлох, тээвэрлэх, нөөц бүрдүүлэх, шинэ үйлдвэр байгуулах зэргийг дурдаж болно. Жилд дунджаар 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэсэн үг. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ өвөл хэрэгжүүлэх 45 хоногийн туршилтад л нэг жилийн төсөвтэй дүйх хөрөнгийг хаяхаар төлөвлөжээ. Тэрбээр У.Хүрэлсүхийн “зассан зам”-аар урагшлахыг хүссэн байж мэдэх юм.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн ярьж буйгаар бол 177 тэрбум төгрөгийн 30 орчим тэрбумыг асаагч бодис, үлдсэнийг нь хагас кокс импортлоход зарцуулах гэнэ. Өдгөө нийслэлийн гэр хорооллынхны хэрэглэж буй сайжруулсан гэх түлшний гол түүхий эд болох мидлингийг үүгээр орлуулж, утаа бага ялгаруулдаг, байгаль орчинд хор хөнөөлгүй шинэ төрлийн түлш гарган авах юм байх. Ийм найрлагатай түлшээ ирэх арванхоёрдугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 30 хүртэл буюу 45 хоногийн хугацаанд гэр хорооллынхонд туршилтаар хэрэглүүлж, үр дүнг нь харах аж. Өөрөөр хэлбэл, цаашид үргэлжлүүлэх, эсэх нь тодорхойгүй, шинжлэх ухааны судалгаа, туршилтад үндэслээгүй, хоёр сар хүрэхгүй хугацаанд хэрэгжүүлэх төсөлд сүүлийн дөрвөн жилд сайжруулсан түлшинд зарцуулсан хөрөнгийн 25 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгийг урсгах гэж байна.
Энэ нь сайжруулсан түлшнийхээс ч үр ашиггүй, эрсдэлтэй, эдийн засгийн хувьд хор хохиролтой хуумгай шийдвэр гэдгийг химийн инженерүүд анхааруулсаар. Металлургид ашигладаг нүүрсийг утаагүй түлш үйлдвэрлэхэд хэрэглэдэг жишиг дэлхийд ховор гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэллээ. Ийм хэмжээний хөрөнгөөр гэр хорооллын дэд бүтэц, иргэдийн амьдрах орчныг сайжруулах олон ажил хийх боломжтойг ч мэргэжлийн хүмүүс тооцоолоод гаргаад ирж. Гэтэл Эрчим хүчний сайд нь “Туршилт гэдэг үгнээс айхгүй. Ондоо арга байхгүй” хэмээн улайрч байна. Мөн тэрбээр нийслэлийн ИТХ-ын хуралдааны үеэр “Үүнийг төгс төгөлдөр шийдэл гэж хэлэхгүй ч ямар нэг зүйл хийхгүй байснаас дээр” гэх зэрэг бүрхэг зүйл ярьсан бол албаны хүмүүс “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрээс өчигдөр мэдээлэл хийхдээ “Агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл нь хагас коксон түлш” гэж дурдлаа. Утга авцалдаагүй энэ хоёр тайлбарын алинд нь итгэх вэ.
Энэ бол ямар ч аргаар хамаагүй ажил хийсэн болж харагдах, иргэдэд таалагдах гэсэн үзүүлэх тоглолт юм. Нөгөөтээгүүр, утаатай холбоотойгоор жил болгоны өвөл гардаг олон нийтийн шүүмжлэл, хэл амнаас зайлсхийх гэсэн оролдлого байж ч мэднэ. Эл туршилтын үр дүнд сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн эхний жилүүдийнх шиг утаа буурсан мэт харагдаж, улстөрчдийн чих амар өвөлжиж магадгүй. Харин үүний дараах хор хохирлыг хэмжихэд бэрх. Өмнөх дөрвөн жилд үргэлжилсэн туршилтын төлөөсийг иргэд эрүүл мэндээрээ хангалттай төлснийг мартах учиргүй. Урт хугацааны, залгамж халаа бүхий бодлогогүй улсад утаа нь хүртэл улс төр, сонгуулийн хэрэгсэл болсоор байна. Утаа дагасан улс төр ямар зам туулж, хэдэн хүний эрүүл мэнд, амиар тоглож, хаана хүрч төгсөхийг хэлэхэд эрт ч энэ асуудалд ул суурьтай, судалгаатай хандах хэмжээний туршлага суусан байх учиртай сан.